Хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулахыг дэмжив
МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨРХөдлөх эд хөрөнгө болон эдийн бус барьцааны тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Хууль зүйн байнгын хорооны хуралдаанаар хэлэлцлээ.
Хуулийн төслийн танилцуулгад дурдсанаар, УИХ-ын 2015 оны 7 дугаар сарын 2-ны өдрийн хуралдаанаар Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийн барьцааны тухай хуулийн төслийг баталж, 2016 оны 9 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр дагаж мөрдөхөөр заасан. Уг хуулиар хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг гэрээний болон гэрээний бус үүргийн гүйцэтгэлийг хангах эх сурвалж болгон барьцаалах, уг барьцааны эрхийг бүртгэх, барьцааны шаардлагыг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар хуульчилсан.
Хууль батлагдсанаар хөдлөх болон бусдад шилжүүлж болох эдийн бус хөрөнгө, тухайлбал хувьцаа, үнэт цаас, шаардлага буюу авлага, оюуны өмч барьцаалах замаар хөрөнгийн эргэлт, санхүүгийн хүртээмжийг нэмэгдүүлэх боломж бүрдсэн. Хөдлөх эд хөрөнгө болон эдийн бус хөрөнгийг эдийн засгийн эргэлтэд оруулахад барьцааг бүртгэх цахим мэдээллийн сангийн программыг боловсруулж, цахим санг байгуулах нь чухал ач холбогдолтой юм.
Харин Олон улсын санхүүгийн корпораци (ОУСК)-тай байгуулсан “Хөдлөх эд хөрөнгө барьцаалсан зээлийн харилцааг хөгжүүлэх” төслийн хүрээнд барьцааны мэдэгдлийг бүртгэх цахим мэдээллийн сан байгуулахаар хамтран ажиллаж байгаа боловч уг цахим санг байгуулахад шаардагдах техник хангамжийн зардлыг шийдвэрлэх, цахим сангийн программыг боловсруулах хуулийн этгээдийг олон улсын нээлттэй тендерийн аргаар сонгон шалгаруулах ажил хугацаа хоцорсноос үүдэн техникийн саналд үнэлгээ өгөх ажиллагаа хийгдээгүй байгаа аж.
Тиймээс хуулийн хэрэгжилтийг зохион байгуулах бэлтгэл ажлыг сайтар хангах шаардлагатай байгаа гэж үзэн дагаж мөрдөх хугацааг хойшлуулан, хэрэгжих хугацааг 2017 оны 3 дугаар сарын 1-ний өдрөөс эхлэхээр өөрчлөлт оруулах болсон байна. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан асуулт асууж, үг хэлэх гишүүн гараагүй. Ингээд хуулийн төслийг хэлэлцэх эсэх асуудлаар санал хураалт явуулахад хуралдаанд оролцсон гишүүдийн олонх хэлэлцэхийг дэмжив.
Н.Туяа