ОРХОН:Х.Төгсбаяр: Бүтээмжтэй, зорилготой ажилтныг хөдөлмөрийн зах зээлд илгээхийг зорьдог

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-25 16:00:44
oyuka_hu@yahoo.com

Орхон /МОНЦАМЭ/. Дэлхийн Зөн Олон улсын байгууллагаас нийгмийн хөгжлийн оновчтой бодлого, Хуримын ордноос гэр бүлийн үнэт зүйл, МСҮТ-өөс хүүхдийн хүсэл мөрөөдлийг мэдэрдэг тухайгаар бидний ярилцлага эхэллээ. МСҮТ-ийн захирал Х.Төгсбаяртай ярилцлаа.


-Таны амьдралдаа хийсэн хамгийн чухал сонголт юу байв?

-Санхүүгийн салбараас Дэлхийн Зөн Олон улсын байгууллагад орсон сонголт. Тэнд миний итгэл үнэмшил, үнэт зүйл маань илүү батжиж, төлөвшсөн гэж боддог. Би Дэлхийн Зөн-Эрдэнэт байгууллагад хамгийн олон удаа ажлаасаа чөлөөлөгдөж эргэж орсон хүний нэг. Тэнд байхдаа би бусдын төлөө ЯАГААД санаа зовох ёстойг сэтгэл зүрхэндээ гүн, гүнзгий мэдэрсэн. Дэлхийн зөнг хүмүүс халамжийн байгууллага шиг төсөөлдөг ч бодит байдал дээр ХӨГЖЛИЙН байгууллага юм.

Яагаад гэвэл, зорилтот бүлгийн өрх, айлын хүүхдүүдийн сурч, боловсрох, эрүүл амьдрахад нь тусалж, хөгжихөд нь дэмждэг байгууллага. Гэхдээ эрүүл мэнд, боловсролын тэгш хүртээмжгүй байдал нийгмийн зарим хэсэгт яаж тусдагийг олон хүний амьдралаас би харсан. Иймд үүнийг өөрчлөхийг хүссэн. Шийдвэр гаргах түвшний хүмүүст ажлаа тайлагнаж байхдаа оновчтой бодлого-хүнлэг шийдвэр гараасай гэж хүсдэг байсан. Мөн хүний хөгжлийн төлөө хэрэгжүүлсэн ямар ч төсөл урт хугацаандаа үр дүнгээ өгч чаддаг гэдгийг харж байв. Ингээд 2016 онд орон нутгийн сонгуульд нэр дэвших шийдвэрийг гаргаж, Баян-Өндөр сумын ИТХ-д өрсөлдөж төлөөлөгч болж нийгмийн салбарын шинэчлэлт, өөрчлөлтийн төлөө ажиллахаар зориг шулуудсан. Одоо ч энэ салбартаа ажиллаж байна.


-Та МСҮТ-ийн 900 гаруй сурагч 80 гаруй багшийг удирдаж байгаа. Аливаа удирдлагыг зөв чиглүүлэхдээ баримталдаг зарчим?

-Юуны өмнө эхлээд сонсоно. Шүүхгүйгээр, үзэл бодлоо тулгахгүйгээр анхааралтай сонсож асуудлыг нь эхлээд ойлгоно. Дараа нь тухайн хүн уг асуудлыг хэрхэн дүгнэж байгааг нь ямар гарц, гаргалгаа танилцуулах гэж байгааг нь асууна. Үүний дараа би бодлоо хэлнэ, ярилцана. Хүлээн зөвшөөрөх ёстой бол хэцүү асуудал хүнд мэдээлэл байсан ч хүлээн зөвшөөрнө. Үүнийг давсны дараа шийдэл зөв гардаг гэж би хувьдаа дүгнэдэг.

Хуримын ордны даргаар ажиллаж байх үед нэг эмэгтэй ирээд, “Би хуримаа хийж байх үед танай өргөөний хивсэнд тээглээд унасан. Тэр үед надад маш муухай мэдрэмж төрсөн. Удалгүй бид салсан. Тэр хивс хөлд тээглээгүй бол гэж би боддог” хэмээн ярихад надад хүнд сонсогдож байсан. Тухайн үед би хуримыг нь батлаагүй байсан ч буруу нь минийх юм шиг санагдаад өргөөгөө янзалж хуучин хивсийг нь аваад оронд нь өөр шинийг тавьж байсан. Тэндээс хэн нэгний бүдрэх шалтгаан нь би, бид байх ёсгүй гэж ойлгож мэдэрсэн. Энэ мэтчилэн учирсан үйл бүрээсээ л ухаарч хэн нэгнийг аливаа байгууллагыг удирдахдаа удирдлагын алдаа гаргачихгүй юмсан гэж хичээж явна. Мөн хүн бүрийг оногдсон ажлаа хамгийн сайнаараа хийдэг байгаасай гэж хүсдэг, тэр хэмжээгээр шахдаг.


-Мөрөөдөлгүй зорилгогүй хүн ажлын байранд маш их гологддог. Танай байгууллагаас олон хүүхэд мөрөөдөл, хүсэл эрмэлзлээ олоосой  гэж хүсч байна.

-Нийт сурагчийн 40 хувь яг өөрийнхөө хүслээр орж ирсэн байдаг. Үлдсэн нь ямар нэг шалтгаантай гэсэн үг. Тэгэхээр нэгэнт манайхыг сонгосон тохиолдолд бид яаж мэргэжилд нь дуртай болгох вэ гэдэгт сургалтын үйл ажиллагаагаа чиглүүлдэг. МСҮТ-ийг хүүхдүүд ердөө 16, 17-хон настайдаа төгсөж байна. Тэдний ид хөдөлгөөнтэй нас нь. Иймд тэдэнд мэргэжлийн чиг баримжаа олгохын тулд юуны өмнө өөрт нь итгэж байгааг нь ойлгуулна. Жишээ нь манай төгсөгчдийг авч ажиллуулж байгаа ажил олгогчид тухайн хүнийг мэргэжлээр нь ажиллуулдаггүй. Тогоочоор төгссөн хүүхдийг гал тогоо л цэвэрлүүлээд байдаг. Хүүхдийн хүсэл мөрөөдөл, сурсан зүйлийг нь үнэлэлгүйгээр хэдэн сар цэвэрлэгээ хийлгээд байхаар тухайн хүүхэд ажлаасаа залхана, яваандаа хөдөлмөрт шунаж тэмүүлдэггүй болчихдог. Ингээд ажлаасаа гарангуут МСҮТ-ийг төгссөн хүүхдүүд муу гэж цоллоод ирдэг. Тэгэхээр ажил олгогчид сайн мэргэжилтэн хайж байгаа бол дөнгөж мэргэжлийн чиг баримжаатай болсон хүүхдүүдэд зөв үлгэр дуурайлал үзүүлж тэдэнд итгэж байгаагаа ойлгуулж хайрлах хэрэгтэй. Ажил гэдэг харилцан бие биенээ хөгжүүлж байдаг. Иймд бид хүүхдүүдээ, төгсөгчдөө өөртөө ИТГЭЛТЭЙ болгох гэж хичээж байгаа ч ажил олгогчид бас өөрсдөө гологдож болохгүй гэж боддог.


-Та ямар ажилтныг хөдөлмөрийн зах зээл рүү илгээхийг зорьж байна вэ?

-Боловсролын өөрчлөлт багшаас эхэлнэ. Тиймээс багшийн өөрчлөлт, хандлага маш чухал учир багш нартайгаа сайн ажиллахыг хичээдэг. Хоёрдугаарт, бид түншлэлд суурилсан хамтын ажиллагаа хөгжүүлэхэд гол үйл ажиллагаагаа чиглүүлдэг. Иймд сургалтын агуулгаа цаг үетэйгээ нийцүүлдэг. Жишээ нь “Ачит Ихт” ХХК-ийн ажлын байрны шаардлагуудыг судалж байгаад сургалтын агуулгадаа оруулдаг. Шинэ үеийн боловсон хүчин ямар, ямар ур чадварыг эзэмшсэн байх ёстой вэ гэдгийг бид судалдаг гэсэн үг. Мөн төгсөлтийн шалгалтыг хөндлөгийн үнэлээчийн оролцоотойгоор явуулдаг тул үнэлгээ хийх багтаа ажил олгогчдын төлөөллийг хамруулдаг.

Өөрөөр хэлбэл, хөндлөнгийн үнэлээч буюу ажил олгогчид манай сургалтын байгууллагын зарчмыг ойлгоосой, хоёрдугаарт, яг одоо төгсөж байгаа сурагчид, хүүхдүүдийн итгэл үнэмшил, мөрөөдөл, хүслийг мэддэг байгаасай, гуравдугаарт, боловсролын шинэчлэлт хэрхэн явж байгааг ойлгоосой гэж хүсэж хөндлөнгийн үнэлээчээр оруулдаг. Харин бид хариуд нь ажил олгогчид ажлын байрандаа ямар ур чадвартай, ямар хүнийг хайдаг бас мэдэж мэдээлэл солилцдог. Ийм түншлэл, хамтын ажиллагааны үр дүнд БҮТЭЭМЖТЭЙ, ЗОРИЛГОТОЙ, ӨӨРТӨӨ ИТГЭЛТЭЙ АЖИЛТАН бэлтгэхийн тулд ажиллаж байна. Мөн бид сурагчдаа дадлага хийлгэхдээ тогооч л гэхэд цайны газар, ресторан, нийтийн хоол үйлдвэрлэлд гэж бүх түвшинд нь ажиллуулж үздэг. Тэндээс хүүхдүүд аль салбарт нь ажиллахаа өөрөө мэдэг бас хаана нь ч ажилласан багахан  ч гэсэн туршлагатай байг гэж хичээдэг.


Өмнө нь манайх 70 гаруй байгууллагатай хамтран ажиллаж дадлага хийлгэдэг байсан бол одоо 213 байгууллагатай хамтран ажиллаж хүүхдүүдээ дадлагад гаргаж байна.


-Та аймгийн ИТХ-ын төлөөлөгч. Та бүхний гаргаж буй шийдвэр ирээдүйд миний, таны хүүхдийн амьдралд нөлөөлнө. Тиймээс та аливаа шийдвэрийг гаргахдаа ямар зарчим баримталдаг вэ?

-Юуны өмнө бид үнэт зүйл дээрээ нэгдэж чадаж байгаа юу гэж өөрөөсөө болон хамтран шийдвэр гаргах гэж байгаа хүмүүсээсээ асуудаг. Дараа нь асуудлын шалтгаан юу байгааг мэдэх хүнээс нь асууна. Таамаглаж биш гэсэн үг. Асуудлыг зөв үнэнээр хэлэх эх сурвалжаа олон болгож байж мэдээллээ гүйцэд авна. Дараа нь одоогийн нөхцөл байдал ямар байгааг судална. Ингээд хувьдаа миний үнэт зүйлтэй, итгэл үнэмшилтэй нэгдэх шийдвэр энэ мөн үү, ирээдүйд зөв үр дүн авчрах шийдвэр мөн үү гэж тунгаана. Нийтийн эрх ашгийн төлөө ажиллах зарчмаа өөртөө бат суулгаж байж асуудалд хандахыг хичээдэг.

-Баярлалаа. 

Related news