ОРХОН: Хичээл эхлэх, тарах хугацаанд сурагчид зам тээврийн осолд өртөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-25 15:46:17
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн Цагдаагийн газарт 2022 оны эхний 11 сарын байдлаар зам тээврийн ослын 117 дуудлага иржээ.  Эдгээрээс 19 нь гэмт хэрэг, зөрчлийн шинжтэй буюу хүний амь хохирсон нэг, бие махбодод хүнд гэмтэл учирсан 36 тохиолдол байна.

Ослын улмаас бага насны 17 хүүхэд бэртсэнээс замын хөдөлгөөнд явганаар оролцсон 15, тээврийн хэрэгсэлд зорчиж явсан нэг, дугуйтай хөдөлгөөнд оролцсон нэг хүүхэд байна. 

Хүүхэд хохирсон зам тээврийн ослын шалтгаан нөхцөлийг тодорхойлоход жолоочийн буруутай үйлдлээс болж 11, эцэг эхийн буруутай үйл ажиллагаанаас тав, явган зорчигчийн буруутай үйлдлээс үүдсэн нэг осол бүртгэгджээ. Эдгээр осол нь ихэвчлэн хичээл эхлэх, завсарлах, тарах цагуудад болж байгааг судалгаагаар тогтоожээ. 

Мөн хүүхдүүдийн ихэнх нь явган хүний гарцаар зам хөндлөн гарч байхдаа авто осолд өртөж байгааг аймгийн Цагдаагийн газрын Замын цагдаагийн тасгаас мэдээллээ. Тиймээс 10 хүртэлх насны хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх, хүүхдүүдэд замын хөдөлгөөний дүрмийн мэдлэг олгох шаардлагатай байгааг анхаарууллаа. 

Related news