ХӨВСГӨЛ: Үндсэн хуулийн дугуйлан төсөлтэй хамтран ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХӨВСГӨЛХөвсгөл /МОНЦАМЭ/. Монгол Улсын анхдугаар Үндсэн хуулийн 100 жилийн ойг угтаж үндсэн хуулийг сурталчлах, түгээн дэлгэрүүлэх зорилгоор “Иргэдийн шударга шүүх” төрийн бус байгууллагаас 21 аймагт “Үндсэн хуулийн дугуйлан төсөл” хэрэгжүүлэх ажлыг эхлээд байна. Тус төсөл Хөвсгөл аймагт нээлтээ хийж, аймгийн Засаг даргатай хамтран ажиллах санамж бичигт гарын үсэг зурлаа.
Төслийн хүрээнд үндсэн хуулийг сурталчлах, иргэн бүр Үндсэн хуулиа судлан, хууль дээдлэх зарчмыг мөрдлөг болгох, Үндэсний эв нэгдэл, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг дээдлэх үзэл санааг төлөвшүүлэх чиглэлээр дараах ажлуудыг хэрэгжүүлэх аж. Тодруулбал, сургагч багш бэлтгэж, иргэдэд Үндсэн хуулийн мэдлэг олгох бөгөөд төслийг 2024 оны 11 дүгээр сарын 26-ны өдөр дүгнэнэ гэдгийг “Иргэдийн шударга шүүх” ТББ-ын тэргүүн Х.Бат-Ялалт танилцуулав.
Хөвсгөл аймгийн Засаг дарга Ш.Идэрбаясгалан төсөл нь иргэдэд хууль
тогтоомжийг энгийн, хялбараар таниулан сурталчлах, хүн бүр хуулийг ижил тэгш
дагаж, мөрддөг байх, хуулийн зөв хэрэглээг дадал болгох тодорхой хувь нэмрийг
үзүүлнэ гэдэгт итгэж, төслийг орон нутгийн удирдлагууд болон төрийн
байгууллагууд идэвхтэй дэмжиж оролцохоо илэрхийллээ.