ХОВД: Орон нутагт хийж байгаагүй 30 орчим гэмтэл согогийн мэс засал хийнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2022-11-22 18:28:29

Ховд /МОНЦАМЭ/. Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв, Улаанбаатар хотын Гэмтэл согог судлалын үндэсний төв хамтран “Орон нутагт гэмтэл согогийн тусламж, үйлчилгээний чанар, хүртээмжийг сайжруулах” хөтөлбөрийг амжилттай хэрэгжүүлж эхэллээ.

Өөрөөр хэлбэл,  осол, гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах, хөдөө орон нутгийн эмч, мэргэжилтнүүдийн ур чадварыг дээшлүүлэх, эрүүл мэндийн байгууллагуудын шатлал хоорондын уялдаа холбоог бэхжүүлэх, хамтарсан үзлэг оношилгоо, мэс засал хийх зорилтын дагуу Гэмтэл согог судлалын үндэсний төвийн төрөлжсөн нарийн мэргэжлийн эмч нарын баг 2022 оны 11 дүгээр сарын 21-25-ны өдөр Ховд аймагт ажиллаж байна.

Найман хүний бүрэлдэхүүнтэй тус эмч нарын баг  гавал тархины мэс засал,  хүүхэд насанд хүрэгчдийн гэмтэл,  гар сарвуу болон түлэнхийн нөхөн сэргээх мэс засал  зэрэг  осол, гэмтлийн үед үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээг орон нутгийн иргэдэд шуурхай үзүүлж, шаардлагатай ажлыг хэрэгжүүлж байгаа юм

Түүнчлэн гэмтлийн үед  үзүүлэх эмнэлгийн тусламж, үйлчилгээний чадамж, эмнэл зүйн ур чадварыг сайжруулах, гэмтлийн үеийн яаралтай тусламжийн дадлагажуулах сургалтыг зохион байгуулах замаар Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төв болон сум дундын эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдийн эмч мэргэжилтнүүдийг чадавхжуулж байна.   



Гэмтэл согогийн тусламж, үйлчилгээ авах хүсэлтэй иргэд Ховд аймгийн Бүсийн оношилгоо, эмчилгээний төвд хандах, цахим бүртгэлээр гэмтлийн амбулаториор үзүүлэх бүрэн боломжтой. 


Өнөөдрийн байдлаар 200 гаруй иргэнд үзлэг, оношилгоо хийсэн бөгөөд 10 төрлийн мэс засал хийгээд байна. Маргааш мөн 8 мэс засал хийхээр төлөвлөжээ.  


“Цаашид орон нутагт төдийлөн хийх боломжгүй, хийж байгаагүй нийт 30 орчим мэс заслыг хийж, орон нутагт нутагшуулах замаар осол, гэмтлийн үеийн яаралтай тусламж үйлчилгээг иргэдэд ойртуулж, заавал Улаанбаатар хот явах шаардлагагүй, цаг хугацаа, мөнгө санхүүгээ хэмнэх боломжийг олгоно гэж мэргэжлийн эмч нар хэллээ.  

Түүнчлэн 
хамтарсан үзлэг, оношилгоо, эмчилгээ, мэс засал хийснээр хөдөө орон нутгийн эмч, эмнэлгийн мэргэжилтнүүд ажлын байрандаа суралцах, туршлага солилцох, мэдлэг ур чадвараа ахиулах томоохон боломж бүрдэж байгаа аж. 

Дээрх ажлыг  Монгол Улсын Засгийн газрын 2018 оны 163 дугаар тогтоолоор баталсан “Осол гэмтлээс сэргийлэх үндэсний хөтөлбөр”-ийн хэрэгжилтийг хангах зорилгоор өрнүүлж байна. 

Related news