ТӨВ: Улсын нийт хүн амын 3-4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ТӨВ
tuv@montsame.mn
2022-11-23 08:01:56

Төв /МОНЦАМЭ/ “Хөгжлийн бэрхшээл ба тэгш хүртээмж-2022” эрдэм шинжилгээний хурлыг 11 дүгээр сарын 30-ны өдөр орон даяар цахим болон танхим хэлбэрээр зохион байгуулахаар болжээ.


Хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийг эрүүл мэнд, боловсрол, хөдөлмөр эрхлэлт, нийгмийн хамгаалал, дэд бүтэц, хууль, эрх зүйн салбарт хэрхэн хангах зэрэг сэдвийн хүрээнд хурал өрнөх юм. Уг хурлын гол зорилго нь төрийн болон төрийн бус байгууллага, эрдэмтэн судлаачдын байр суурийг сонсож, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн талаарх судалгаа, шинжилгээний ажлуудтай танилцах, улмаар хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд тулгарч байгаа асуудлуудыг илрүүлж, үнэлэлт, дүгнэлт өгөх юм.

Монгол Улсын хөгжлийн бэрхшээлтэй хүний эрхийн тухай хуульд заасны дагуу хөгжлийн бэрхшээлтэй хүн гэдэгт бие махбодь, оюун санаа, сэтгэл мэдрэл, мэдрэхүйн байнгын согог нь орчны бусад саадтай нийлсний улмаас бусдын адил нийгмийн амьдралд бүрэн дүүрэн, үр дүнтэй оролцох чадвар нь хязгаарлагдсан хүнийг хамааруулна. Одоогоор манай улсын нийт хүн амын 3-4 хувийг хөгжлийн бэрхшээлтэй иргэд эзэлж байна.

Тус эрдэм шинжилгээний хурлыг 2021 онд “Хөгжлийн бэрхшээл ба хөдөлмөр эрхлэлт” сэдвийн хүрээнд зохион байгуулж байжээ. 

Related news