БАЯНХОНГОР: Тэмүүжин дуурийг сэргээж, үзэгчдийн хүртээл болголоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-22 11:22:24

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хүүхдийн "Тэмүүжин" театр Соёлын бүтээлч сарын хүрээнд "Тэмүүжин" дуурийг сэргээн тайзнаа тавилаа.


Тус театрын долоон багшийн удирдлага дор 120 гаруй хүүхэд, Улсын дуурь бүжгийн эрдмийн театрын дуучидтай хамтран дуурийг олны хүртээл болгожээ.

2000 онд Японы ТВС телевиз, радиогийн групп Тэмүүжин дуурийг бүрэн бичиж, Азийн хүүхдийн Алтан фондод хадгалсан байдаг. Мөн 1990-1991 онд Тэмүүжин дуурийн теле кино бүтээж МҮОНРТ-ийн алтан фондод хадгалуулсан түүхтэй. Эдүгээ ийнхүү ес дэх удаагаа сэргээн тавьж үзэгч хүүхдүүдэд урлаг соёлоор үйлчилж байна.

1990 онд Хөгжмийн зохиолч Ц.Чинзориг Тэмүүжин дууриар Төрийн соёрхолт цол хүртсэн түүхтэй аж.

Хүүхдийн "Тэмүүжин" театрын хамт олон УДБЭТ-тай хамтран, тус дуурийг энэ сарын  23-ны өдөр Улаанбаатар хотод хоёр удаа тоглож, үзэгчдийн хүртээл болгоно.

Сонирхуулахад, Баянхонгор аймгийн "Тэмүүжин" театр нь 1986 онд байгуулагдсан Монголын анхны Хүүхдийн театр юм. 36 жилийн түүхтэй тус театр 30-аад ажилтан, дөрвөн албатай, сургалт, уран бүтээл гэсэн үндсэн хоёр чиглэлээр үйл ажиллагаагаа явуулж байна.

Related news