БАЯНХОНГОР. Засаг дарга Д.Мөнхсайхан: Хардах эрх хэнд ч бий, хаа хаанаа шалгуулсан нь зөв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2022-11-17 08:53:28

Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайхан авлигын асуудалтай холбогдож, үүрэгт ажлаасаа чөлөөлөгдөж байгаа гэх мэдээлэл зарим хэвлэл мэдээллийн байгууллага, цахим орчинд тархсан. Энэ талаар Баянхонгор аймгийн Засаг дарга Д.Мөнхсайханаас тодрууллаа.


-Таныг авлигын асуудалтай холбогдсон гэх мэдээлэл байна?

-Авлигатай тэмцэх газарт шалгагдаж байгаа нь үнэн. Тодорхой хэлэхэд, дөрвөн зүйлээр шалгуулж байна. Нэгдүгээрт, Бичил уурхайн асуудал, үүн дээр аймгийн Татварын хэлтсийн дарга, Цагдаагийн газрын дарга, миний бие шалгагдаж байгаа. ХАМО нар аймаг орон нутагт хандив цуглуулж өгөх хуралдаан хийсэн юм шиг байгаа юм. Тэр дундаас зарим нь ингэж болохгүй, авилгалын хэрэг болно гээд АТГ-д хандсан гэж ойлгосон. Энэ асуудал дээр ажиллагаа явуулж байгаа юм билээ. Хоёдугаарт, "Эрдэнэ монгол" компанитай байгуулсан 7.5 тэрбум төгрөгийн гэрээний асуудлаар шалгуулж байна. Гуравдугаарт, Манай гэр бүлийн ажиллуулдаг "Их богд зам" компанитай холбоотой асуудал. Дөрөвдүгээрт, Газрын дуудлага худалдаатай холбоотойгоор иргэнээс гаргасан гомдолоор шалгуулж байна. Засаг даргад хандсан аливаа өргөдөл гомдлын мөрөөр АТГ шалгадаг.


АТГ-ын ээлжит шалгалтын энэ жил сонгогдсон аймаг нь Баянхонгор. Энэ хугацаандаа бүх салбарыг нь шалгадаг юм байна.


-Эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа хүлээлгэн өгөх гэж байгаа гэж үнэн үү?

-Эрүүл мэндийн шалтгаантай байсан. Өнгөрсөн зургадугаар сард хагалгаанд орсон, одоо хяналтынхаа шатанд явж байгаа. Хүндэвтэр хагалгаанд орсон, одоогийн байдлаар ажил үүргээ гүйцэтгэж чадахааргүй хэмжээнд очоогүй байна. Хүний хамгийн үнэт баялаг эрүүл мэнд учир үнэхээр хэцүүдвэл ажлаа өгөхөд асуудалгүй.

-Хувийн компанитай холбоотой асуудлаар шалгагдаж байгаа талаараа тодруулахгүй юу.

-"Их богд зам" компани бол улсын чанартай автозамын арчлалт хийдэг байгууллага, манай гэр бүлийн бизнес. Бидний үйл ажиллагаа аймагт биш гадуурх замуудад чиглэдэг гэсэн үг. Замын сангийн хямд өртгөөр төсөвлөсөн аймаг дотроо тавих жижиг замууд дээр тендэр зарлахад ямар ч компани орж ирдэггүй, жилийн жилд замын нөхөөс хожуу хийгддэг нь түүнтэй холбоотой. Би хувийн компанидаа 300-400 метр зам тавих давуу эрх олгоод, ашиг хонжоо олоод байсан зүйлгүй. Ашиг сонирхлынхоо зөрчлийг мэдүүлнэ, тендэрт нь ордоггүй, тэгээд аймгийн хэмжээнд байдаг замын ганц компани нь манайх байдаг. Жижиг замууд тавих шаардлага гарна, замын нөхөөс хийх зайлшгүй нөхцөл үүснэ. Энэ бүгдэд гадны өөр компани орж ирэхгүй учир нийтийн эрх ашиг, нийгмийн хариуцлагын хүрээндээ ч болов ажиллахаас өөрцгүй болдог. Хэдхэн метр замыг өөрийн компаниараа хийлгэлээ гэж ярихаас бидний нийгмийн хариуцлагын хүрээндээ хийсэн орон сууцны хороолол дундуур 2.5 километр замын ажлыг хэн ч ярихгүй л байгаа юм. Хөрш аймгуудын замын сангийн хөрөнгөөр хийдэг тарифыг харьцуулаад үзвэл манайх маш бага байдаг. Энэ мэт нийтэд эргэлзээтэй байгаа асуудлыг ил тод шалгуулчихсан нь дээр гэж боддог учраас энэхүү шалгалтанд нэг талаараа олзуурхаж байгаа шүү. 

-"Эрдэнэ монгол" компанитай байгуулсан гэрээний талаар?

-Иргэд намайг ч, “Эрдэнэ монгол” компанийг ч шүүхэд өгчихсөн шалгуулж байгаа, түүнтэй холбоотойгоор цахим орчинд элдэв мэдээлэл гарч байгаа хэрэг байх. Гэрээ байгуулсан үеэсээ хэл ам дагуулсан. Уул уурхайн компанийн саналаар байгуулсан гэрээ юм. 7.5 тэрбум төгрөгийн гэрээг Баянхонгор аймаг байгуулсан нь үнэн. Тухайн компани санал болгосныг маш удаан хэлэлцэж зөвшилцөөд байгуулсан. Тухайн гэрээний мөнгийг зарцуулах чиглэлийг өгдөг ТББ байдаг, дан ганц аймаг мэдэж зарцуулдаг хөрөнгө биш. Бид ийм зүйлд ингэж зарцуулах хэрэгцээ байна гэдгээ танилцуулна, компани болон ТББ дэмжих бол хөрөнгийг шийдэж зарцуулдаг. 7.5 тэрбум төгрөгийн 40 хувь нь Баян-Өндөр, Шинэжинст сумдад хуваарилагддаг. Одоогийн байдлаар нийт дүнгээс 3 тэрбум гаруй төгрөгийг авчихсан байгаа. Үүнээс 20, 20 хувийг тухайн сумд авсан. Тэгэхээр аймагт 2 тэрбум орчим төгрөг зарцуулаад байгаа гэсэн үг. Тус мөнгөөр Баянхонгор аймаг ковидын дэгдэлтийн жилүүдэд эрүүл мэндийн салбар зэрэгтээ томоохон хөрөнгө оруулалтуудыг хийсэн. Эмнэлгийн тусламж үйлчилгээнд таван автомашиныг шийдвэрлэсэн зэрэг ажлууд бичиг баримттай байж байгаа. Түүнийг л дээд байгууллагаас шалгаж байгаа хэрэг. Хардах эрх хэнд ч бий учир АТГ-т очсон өргөдөл гомдлын мөрөөр шалгалт хийж байгаа. Шалгалтын ажил үргэлжилж байгаа учир дэлгэрэнгүй мэдээлэл өгч болдоггүй юм билээ. Нарийн процессийн дагуу шалгаж байгаа. Дээрх компани, ТББ гээд бүгд л шалгуулж байна. Өндөр дүнтэй гэрээ байгуулсан бүх талууд. Хаа хаанаа шалгуулсан нь зөв л дөө.

-Та авлигал авсан гэх, бодит байдалд юу болсон юм бэ?

-

Гэрээ байгуулж авлигал авна гэж юу байх вэ. Гэрээ бол орон нутагтай харилцан тохиролцож байгааг л баталгаажуулсан хэлбэр болохоос авилгын асуудал тэнд байхгүй. 


Нэг дарга асуудлыг шийдчихдэг нийгэм биш шүү дээ. Тал талын оролцоотой, хяналттайгаар бүх зүйл явна. Аймаг орон нутагт хэрэгтэй санал байсан болохоор хийсэн. Зарцуулалтын тайлан бүгдэд нээлттэй шүү дээ, та бүхэн ч танилцаж судлах боломжтой.

-Тухайн бүс нутаг үнэхээр уул уурхай явуулж болохгүй газар мөн үү. 

-Асуудал дагуулаад байгаа тухайн бүс нутагт хайгуулын 36 лиценз байснаас 20 нь ашиглалт руу шилжчихсэн явж байна. Түүнээс нарийвчилсан үнэлгээ хийлгээгүй нь нэлээн хэд. Иргэд, мэргэжлийн байгууллага, ТББ-уудаас бүрдсэн ажлын хэсэг ажиллаж байгаа. Ойн сан бүхий газар эсэх, усны талаарх дүгнэлтийг нягтлах, хууль зөрчсөн үйлдэл бий эсэхийг шалгах гурван ажлын хэсгийг ажиллуулж байна. Хяналт шалгалт, бүх шатны дүгнэлтийг үндэслэж ярих сэдэв.

-Гэрээн дээр тусгагдсан ноцтой зүйл бий юу?

-Гэрээ бол тодорхой байгаа. Түүн дээр ашиглалт явуулсны дараа гэдэг үг байхгүй, ерөөсөө л дөрвөн жилийн хугацаатай гэрээ. Үүрэг гэхээр, ТЭЗҮ батлагдсаны дараа тэдэн төгрөг, үйлдвэрийн зураг төсөв гарсны дараа тэдэн төгрөг гэсэн зүйлс орсон. Монгол Улс лицензийг өгчихсөн байдаг, нөгөөх компани нь хайгуул хийгээд зүйл ажиллагаагаа эхлэх гэхээр зөрчил үүсээд байгаа хэрэг. Бидэнд хэлэлцээр хийж, хэн нь хэрхэн, яах ёстойгоо шийдэлд хүрэх асуудал байна.

Related news