АРХАНГАЙ: Дотоодын үйлдвэрлэлээр аймгийн хүн амын хүнсний хэрэгцээний махыг 100 хувь бэлтгэж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-16 15:01:38

Архангай /МОНЦАМЭ/. Аймгийн хэмжээнд хүнсний чиглэлийн 74 үйлдвэр, цех 239 ажилтантайгаар үйл ажиллагаа явуулж байна. Дотоодын үйлдвэрлэлээр аймгийн хүн амын хүнсний хэрэгцээний 40.9 мянган тн махыг бэлтгэж 100 хувь, 35.3 сая литр сүү бэлтгэж 100 хувь, 0.32 мянган тн гурил бэлтгэж 12.5 хувь, 2.58 мянган тн гурилан бүтээгдэхүүн бэлтгэж 42 хувь, 2.2 мянган тн төмс бэлтгэж 57 хувь, 1.3 мянган тн хүнсний ногоо бэлтгэж 23 хувь, 0.025 мянган тн жимс, жимсгэнэ бэлтгэж 0.5 хувь, 0.05 мянган тн өндөг бэлтгэж 10  хувийг  тус тус хангаж байна.


Аймгийн хэмжээнд Эрдэнэбулган, Ихтамир, Хангай, Батцэнгэл, Тариат, Хотонт, Эрдэнэмандал, Цэнхэр, Өлзийт суманд мах хадгалах 1560 тн багтаамжтай 23 агуулах, Өлзийт, Цэнхэр, Хотонт, Жаргалант, Эрдэнэмандал, Ихтамир, Өгийнуур, Төвшрүүлэх, Батцэнгэл, Өгийнуур суманд төмс, хүнсний ногоо хадгалах 1700 тн багтаамжтай 36 зоорь байна.


Энэ онд Эрдэнэбулган суманд Зах зээл бэлчээрийн удирдлага нэмэлт санхүүжилт төслөөс төмс, хүнсний ногооны механикжсан 50 тн багтаамжтай 1 зоорь, Булган сум ОНХС-аас 40 тн хөргүүртэй агуулахыг ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 


19 сумын хүнсний хангамж, нөөцийн мэдээг хүнсний нөөцийн цахим системд мэдээлж байгаа бөгөөд сүүлийн 7 хоногийн судалгаагаар малын мах 136.8 тн буюу 9 хоног, гурил 263 тн буюу 34 хоног, гоймон 27.3 тн буюу 2 хоног, будаа 88.95 тн буюу 23 хоног, сахар 69.8 тн буюу 28 хоног, ургамлын тос 30.01 тн буюу 17 хоног, давс 27.9 тн буюу 70 хоног, ундны ус 48.3 мянган литр буюу 1 хоног, хуурай сүү 9.06 тн буюу 6 хоног, төмс 49 тн буюу 5 хоног, хүнсний ногоо 24.7 тн буюу 1 хоног, өндөг 1.65 тн буюу 1 хоногийн нөөцтэй байгааг аймгийн ХХААГ-аас мэдээллээ. 

Related news