АРХАНГАЙ: Жюү жицүгийн дэлхийн аваргаар Архангай аймгийн баг тамирчид бахдам амжилт үзүүллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | АРХАНГАЙ
gereltod@montsame.mn
2022-11-16 10:15:57

Архангай /МОНЦАМЭ/. Арабын Нэгдсэн Эмират Улсын Абу Даби хотноо болсон Жюү жицүгийн дэлхийн аварга шалгаруулах 14 дэх удаагийн тэмцээнд Архангай аймгаас Жүдо бөхийн спортын мастер, багш, дасгалжуулагч Б.Батдэлгэр ахлагчтай таван тамирчин оролцож, 2 алт, 2 мөнгөн медалийн эзэд боллоо.


“World Youth Jiu-Jitsu Championship 2022” тэмцээнд дэлхийн 66 орны 2000 гаруй тамирчин авхаалж самбаа, хурд хүчээ дайчлан оролцлоо. 


Тамирчдын амжилт:

Эрдэнэбулган сумын I сургуулийн 4-р ангийн сурагч Ш.Эрдэнэсувд, V сургуулийн 11 дүгээр ангийн сурагч М.Гүндэгмаа нар алтан медаль авсан бол мөнгөн медалийг Эрдэнэбулган сумын V сургуулийн 10 дугаар ангийн сурагч У.Энхмэнд, 11 дүгээр ангийн сурагч Б.Жавхаамандах нар авсан байна.


Жюү жицү спортын төрөл нь Монгол Улсад сүүлийн 15 жил тасралтгүй хөгжиж байгаа бөгөөд Архангай аймагт энэхүү спортыг Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн багш, дасгалжуулагч, Жюү жицүгийн спортын мастер Болдбаатарын Цэнд-Аюуш, Жүдо бөхийн спортын мастер Б.Батдэлгэр нар гардан хөгжүүлж, үндсэн багш, дасгалжуулагчдаар ажиллаж байна.


Архангай аймгаас Жюү жицүгийн дэлхийн аваргын мөнгөн медалийг 2019 онд Эрдэнэбулган сумын 5-р сургуулийн сурагч Б.Баасансүрэн хүртэж байсан бол энэ жил дэлхийн алт, мөнгөн медальтнууд “ихэрлэж”, өсвөрийн тамирчид төрсөн нутаг, гэр бүл, анги хамт олныхоо баяр бахархлыг төрүүллээ.

Баг тамирчид энэ сарын 16-нд буюу өнөөдөр эх орондоо ирнэ.

Related news