ДАРХАН-УУЛ: Гэр оронгүй, архины хамааралтай иргэдийг нийгэмшүүлэх ажил эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-15 16:22:42

Дархан-Уул /МОНЦАМЭ/.  Дархан-Уул аймгийн хэмжээнд байдаг гэр оронгүй, тэнэмэл иргэдийг /ГОТИ/ нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулж байна. Аймаг, сумын ЗДТГ, ХХҮГ, ЭМГ, нэгдсэн эмнэлэг, Цагдаагийн газар, ОБГ зэрэг төрийн байгууллагууд хамтран хэрэгжүүлдэг уг үйл ажиллагаа 2013 оноос эхлэн ГОТИ төсөл нэртэйгээр хэрэгжиж эхэлсэн.




Энэ ажлын хүрээнд архины хамааралтай иргэдийг халуун усанд оруулж, үсийг нь засах, архины албадан эмчилгээнд явуулах, бичиг баримтжуулах, ажил хөдөлмөрт зуучлах, эрүүл мэндийн үзлэг шинжилгээнд хамруулах, эмчилгээ үйлчилгээ үзүүлэх, дулаан байр, хоолоор хангах зэрэг олон ажлыг зохион байгуулсаар иржээ.

Энэ жилийн тухайд уг үйл ажиллагааг хэрэгжүүлэхээр өөрийн гэсэн орон гэргүй, орц, хонгил дулааны худагт амьдардаг, архины хамааралтай 20 гаруй иргэнд дээрх үйлчилгээг үзүүлж эхэллээ.



Эдгээр иргэдийг ирэх оны 3 дугаар сарын 15 хүртэл цагдаагийн хяналт дор сүмийн дулаан байранд байрлуулан хооллож, эрүүл зан үйлийг төлөвшүүлэх сургалтад хамруулж, цас, хог цэвэрлэгээ зэрэг нийгэмд тустай ажил, хөдөлмөр хийлгэж нийгэмшүүлэх ажлыг зохион байгуулах ажээ.

Ирэх 2023 оноос аймгийн ХХҮГ-ын хуучин байрыг “Архины эмчилгээний төв” болгон ашиглахаар зураг төсвийг хийжээ. Тус төвөөр дамжулан архины хамааралтай иргэдийг эмчлэн улмаар ногоо тариалт, хураалт зэрэг байнгын болон түр ажлын байраар хангах аж.



2021 онд тус арга хэмжээнд хамрагдсан иргэдээс таван иргэн архинаас бүрэн гарч гэр бүл зохион халамжийн байгууллагын байранд байрлан нийгмийн дунд орж ажил, хөдөлмөр эрхэлж байна.

Дээрх иргэдэд зориулсан арга хэмжээг жил бүр зохион байгуулж хамрагдаж буй хүний тооноос хамааран 3-5 хүн жилд өөрийн амьдралаа шинээр эхлэх, ажил хөдөлмөртэй болох, архины хамаарлаас татгалзаж чаддаг ажээ.




Ташрамд, ГОТИ төсөл 2013 оноос хэрэгжиж эхэлсэн ч 2020 он хүртэл нэг удаагийн үйлчилгээг үзүүлдэг байсан. Халуун аарц, цай, усанд оруулах эмчийн үзлэг хамруулдаг байсан бол хоёр жилийн өмнөөс аймгийн засаг даргын шийдвэрээр тодорхой хугацаанд дулаан байранд байлгаж дээрх үйлчилгээг үзүүлж нийгэмшүүлэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Өвлийн эхэн сараас хавар урь хүртэл үргэлжлэх энэхүү үйл ажиллагаа нь гурав дахь жилдээ өрнөж байна.

Related news