ОРХОН: “Хөгжилтэй, бүтээлч гэрийн даалгавар” өдөрлөг бүх сургуульд өрнөж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ОРХОН
orkhon@montsame.mn
2022-11-14 13:16:42
oyuka_hu@yahoo.com

Орхон/МОНЦАМЭ/. Аймгийн ЗДТГ-аас хоёр дахь жилдээ “Соёлыг түгээе” аяныг зохион байгуулж байна. Аяны хүрээнд боловсролын салбар “Хөгжилтэй, бүтээлч гэрийн даалгавар”, “Хамтдаа сонсъё”, “Зөв дадлыг багаасаа”, “Хүүхэд бүр манлайлагч,” “Өглөөний цай ууж хэвшицгээе” өдөрлөгийг зохион байгуулж байна.


“Хөгжилтэй, бүтээлч гэрийн даалгавар” өдөрлөгийг 5 дугаар сургуулийн багш Б.Жавзандолгор хэрхэн бүтээлчээр өрнүүлж байгааг сурвалжиллаа.


Тэрээр боловсролын салбарт 20 гаруй  жил ажиллаж байгаа бөгөөд сурагчдадаа гэр бүлийнхээ цахим хэрэглээний цагийг тооцох, хувцасныхаа шошгийг унших сурах, хуушуур, буузны орц, найралгыг мэдэх зэрэг даалгаврыг өгдөг байна.


Мөн хогоо шүүрдэх, аягаа угаахдаа хэдэн минут зарцуулж байгааг тооцох, шүүгэн дэх хувцсаа хэрхэн зөв эвхэх талаар даалгавар өгч биеийн тамирын хичээлд орохдоо хувцсаа солих болох эвхэж байгаа хугацаа, гүйцэтгэлээр нь  үнэлгээг нь өгдөг байна.


Ийм төрлийн гэрийн даалгавар нь сурагчдад их таалагддаг тул багш, сурагч, эцэг, эхийн харилцаа улам нягтаршдаг байна. Мөн хүүхдүүдийн аливаа зүйлд хандах  хандлага өөрчлөгдөж бусдын хөдөлмөрийг үнэлэх, өөрдсөө хийж бүтээх ур чадвар, сэтгэхүй нь нэмэгддэг ажээ.

Б.Жавзандолгор багш энэ жил 3в ангийг удирдаж 52 сурагчид хичээл зааж байна. Бага ангийн сурагчид үзэг, балаа гээх тохиолдол цөөнгүй байдаг тул багш хичээл дээрээ олон халаастай хормогч зүүж үзэггүй нэгэнд нь үзэг, харандаагүй нэгэнд нь харандаа өгч хичээлийг нь үргэлжлүүлдэг байна.

Түүний энэ арга барил сурагчид бие биендээ илүү зүйлээ өгч туслах ёстой гэсэн хандлага төлөвшүүлэхийг хичээдэг гэлээ.

 

Related news