ДАРХАН-УУЛ: Үндэсний бичгийн цахим контентын уралдаан эхэллээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-11-09 14:14:08

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Хэлний бодлогын үндэсний зөвлөлийн Дархан-Уул аймаг дахь салбар,  үндэсний бичгийг түгээн дэлгэрүүлэгч “Мэргэн шаваа” мэргэжлийн хөгжлийн бүлгээс санаачлан “Үндэсний бичиг-Манай хамт олны өв соёл” цахим контент бүтээх уралдааныг эхлүүлжээ.


Хоёр дахь жилдээ зохион байгуулж буй уг уралдаан нь Монгол хэлний тухай хуульд зааснаар 2025 оноос төрийн албан хэргийг кирилл болон үндэсний монгол бичгээр хөтлөн явуулах, цаашид бүх нийтээр монгол бичигт шилжих бэлтгэлийг бүрэн хангах зорилготой аж.


Тиймээс монгол үндэстэн оршин тогтнох соёл сэтгэлгээний баталгаа болсон монгол бичгээ сурах, судлах, сурталчлах, түгээн дэлгэрүүлэх, хамгаалах, өвлүүлэх, хөгжүүлэх нь монгол хүн бүрийн төдийгүй дэлхийн бичиг соёлын өв сангийн өмнө монголчуудын хүлээж буй эрхэм үүрэг гэж зохион байгуулагчид онцолж байна.


Уралдааны төрөл, агуулгын тухайд оролцогч хамт олон үндэсний бичиг үсгээ хэрхэн суралцаж, түгээн дэлгэрүүлж байгаагаа баримтжуулан, сонирхолтой хэлбэрээр зохиомжилж, видео контент хэлбэрээр бэлтгэн илгээх ажээ. Ингэхдээ 3-5 минутад утга санаагаа илэрхийлж, өөрийн байгууллагын онцлогт тохируулан бүтээлээ чөлөөтэй сэтгэх, эхлэл, төгсгөл хэсэгт үндэсний бичиг үсгээ сурахад чиглэсэн уриалгыг хамт олноороо сонирхолтой хэлбэрээр илэрхийлэх аж.


Түүнчлэн монголчууд бидний хүн төрөлхтний соёл иргэншлийн түүхэнд үлдээсэн соёлын үнэт өв болох монгол бичиг соёлоо хамт олноороо сурч судлах, хэрэглэх, түгээн дэлгэрүүлэх, өвлөн уламжлуулахын тулд хэрэгжүүлж буй арга туршлагаа бусдад түгээн дэлгэрүүлж, эх хэл соёлоо сурталчлан таниулахад иргэн бүрийн оролцоо чухал гэдгийг ч тодотгожээ.


Уралдаанд Дархан-Уул аймгийн бүх шатны төрийн болон хувийн хэвшлийн байгууллагууд оролцох боломжтой аж. Уралдааны шагналт бүтээлүүдийг Дархан-Уул аймаг болон аймгийн БШУГ-ын цахим хуудсуудаар дамжуулан олон нийтэд түгээн дэлгэрүүлэх ажээ.


Шилдэг бүтээлийн шагналыг Монгол бахархлын өдөр гардуулахаар төлөвлөжээ.

.

Related news