ЗАВХАН: Тархвар судлаачийн тоог орон нутагт нэмэгдүүлэх саналыг хүргүүлэв

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-10 14:05:45

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймагт таван аймгийн эрүүл мэндийн газар, бүсийн оношилгоо эмчилгээний төв, аймгийн нэгдсэн эмнэлгүүдийн удирдлага, эмч мэргэжилтнүүд оролцсон сургалт боллоо.

Тодруулбал, Баянхонгор, Увс, Ховд, Баян-Өлгий, Говь-Алтай аймгийн 30 гаруй мэргэжилтэн оролцсон, зонхилон тохиолдох халдварт өвчний тандалтын тогтолцоог бэхжүүлэх зөвлөлдөх уулзалт Улиастайд боллоо. Уулзалт, сургалтаар зонхилон тохиолдох халдварт өвчний тандалтын чиглэлээр баримталж буй бодлого, өвчний эрт сэрэмжлүүлэг хариу арга хэмжээ. Тохиолдлын удирдлагын тогтолцоо, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой халдвар, гэдэсний халдвар, хоол хүнсээр дамжих өвчин, амьсгалын замын халдварт өвчин. Зоонозын халдварт өвчнүүдийн тандалт болон хам шинжийн тандалтын талаар шинэ ойлголт, мэдээллийг оролцогчдод өглөө.

Сургалтын үр дүнд оролцогчид орон нутагтаа тулгамдаж байгаа асуудлаа тодорхойлон цаашид авах арга хэмжээг ярилцлаа. Мөн салбар дундын хамтын ажиллагааг сайжруулах, тархвар судлаачийн тоог орон нутагт нэмэгдүүлэх. Дээрх чиглэлийг бодлогоор дэмжих, анхан шатны байгууллагын чадавхыг нэмэгдүүлэх. Халдварт өвчний мэдээллийн ажилтнуудыг аймгийн Эрүүл мэндийн газарт орон тоогоор ажиллуулах. Гэхчлэн асуудлуудыг ярилцаж, дэвшүүлэн тавьсныг Халдварт өвчин судлалын үндэсний төвөөр дамжуулан Эрүүл мэндийн яаманд уламжлахаар боллоо.

Энэхүү сургалт, уулзалтыг Эрүүл мэндийн яам, Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтээр Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Халдварт өвчний тандалт, судалгааны албаны холбогдох тасгийн дарга Ц.Сэлэнгээр ахлуулсан ажлын хэсэг ирж зохион байгууллаа гэж аймгийн Эрүүл мэндийн газраас мэдээлэв.

 

Related news