ЗАВХАН: Хүнсний аюулгүй байдлыг хангахад мал эрүүл байх нь чухал гэж онцлов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-06 16:36:41

Завхан/МОНЦАМЭ/. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилгаар  орон даяар өрнүүлж байгаа “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлт өнөөдөр Улиастайд боллоо.  

Нээлтийн үйл ажиллагааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Завхан аймгийн ЗДТГ, Хүнс, хөдөө аж ахуйн газар хамтран зохион байгуулав.

Нээлтийн үйл ажиллагаанд Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яамны төрийн нарийн бичгийн дарга Т.Жамбалцэрэн оролцож, Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтэд оролцогчдод хүргэсэн мэндчилгээг уншиж танилцуулав. Түүнчлэн үндэсний хөдөлгөөний зорилго, хүлээгдэж буй үр дүн, хэрэгжүүлэх ажлын талаарх мэдээллийг оролцогчдод өглөө. 

Харин Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн салбарт баримталж буй урт болон дунд хугацааны бодлогын баримт бичгүүдийн талаарх мэдээллийг Хүнс, хөдөө аж ахуй хөнгөн үйлдвэрийн яамны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Э.Сугарбаяр өгөв. Мөн “Хөдөө аж ахуй хөдөөгийн хөгжил”, “Жайка, Жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжих, байгаль орчныг хамгаалах”, “Зах зээл бэлчээрийн удирдлага” төслүүдийн талаарх болон жижиг, дунд үйлдвэрлэл, хоршооны тухай бодлого, зорилтын талаарх мэдээллийг холбогдох албаныхан өгсөн юм.

“Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үйл ажиллагаанд хөдөө аж ахуйн салбарын мэргэжилтнүүд, аймгийн хүнс үйлдвэрлэгчид, бизнес эрхлэгчид, тариаланчид болон жижиг, дунд үйлдвэрлэл эрхлэгч, хоршооны гишүүд гээд нийт 243 хүн оролцов.


Мөн нээлтийн үеэр Завхан аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газрын дарга Э.Балжинням “Хүнсний хангамж аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд тус аймагт хийж хэрэгжүүлэх ажлын төлөвлөгөөг танилцуулав.

Завхан аймаг “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний хүрээнд нийт 20 зорилт 33 арга хэмжээ бүхий төлөвлөгөөг боловсруулан ажиллаж байна.

Удирдлага зохион байгуулалтын чиглэлээр тав, газар тариалангийн үйлдвэрлэлийн чиглэлээр 14, мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр 7, хүнсний боловсруулах үйлдвэрлэлийн чиглэлээр 7 ажлыг тус тус хэрэгжүүлнэ. Хүнсний аюулгүй байдлыг хангахад нэн тэргүүнд малаа эрүүл байлгах нь чухал юм. Тиймээс тус аймаг малыг эрүүлжүүлэх, эрчимжсэн мал аж ахуйг хөгжүүлэх.

Давсны олборлолтыг нэмэгдүүлж үйлдвэрлэлийг өргөжүүлэх, сүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэх. Газар тариалангийн салбартаа илүү анхаарал хандуулахыг онцлов.

Нээлтийн үйл ажиллагааны төгсгөлд УИХ-ын 2022 оны “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36 дугаар тогтоолыг хэрхэн хэрэгжүүлэх талаар хэлэлцэж, оролцогчдын саналыг авлаа. 

Үхрийн эрчимжсэн аж ахуйг хөгжүүлнэ

Завхан аймаг УИХ-ын 2022 оны 6 дугаар сарын 17-ны өдрийн “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” 36-р тогтоолыг Завхан аймагт хэрэгжүүлэхээр нийт 33 зорилтыг тавьсан.

Тухайлбал, Мал аж ахуйн үйлдвэрлэлийн чиглэлээр нэн тэргүүнд сүргийн эргэлтээр малын тоог бэлчээрийн даацад тохируулна. Ялган тэмдэглэсэн бүх малыг бүртгэл мэдээллийн санд оруулж мэдээллийн сан үүсгэсэн байна. Мөн махны чиглэлийн 50-аас доошгүй үхэртэй эрчимжсэн аж ахуйг шинээр байгуулна. Малын гоц халдварт өвчний тархалтыг бүрэн хяналтад авч, малын өвчлөлгүй бүс болох төлөвлөгөөг хэрэгжүүлнэ гэж “Хүнсний хангамж, аюулгүй байдал” үндэсний хөдөлгөөний нээлтийн үеэр аймгийн ХХААГ-аас мэдээлэв.  


Өнөөдрийн байдлаар Завхан аймгийн хэмжээнд 3755,2 мянган толгой мал тоолуулж, 9,1 мянган мал хорогдож 1337,0 мянган төл хүлээн авч нийт 5082,9 мянган толгой мал бэлчээрлэж байна. Зах зээл болон хүнсний хэрэглээнд  967,2 мянган малыг эдийн засгийн эргэлтэд оруулснаар 2022-2023 оны өвөл 24 сумын 116 багийн 10,0 мянган өрхөд  4,0 сая мал, хонин толгойд шилжүүлснээр 6,8 сая мал өвөлжих урьдчилсан дүн гарчээ. 


Related news