ЗАВХАН: Бизнес санаагаа бодит болгон туршихад 63,0 сая төгрөгийн дэмжлэг авчээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2022-11-05 17:19:25

Завхан/МОНЦАМЭ/. Тус аймгийн 1278 суралцагч “Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, энтрепренершип боловсрол олгох” төслийн сургалтад хамрагджээ.

Японы Хүүхдийг ивээх сангийн Завхан салбар нь 2020 оноос эхлэн Боловсрол, шинжлэх ухааны яам, Дэлхийн банктай хамтран орон нутгийн өсвөр үеийнхэнд хувь хүний ур чадвар Энтрепренершипийн боловсрол олгох төслийг хэрэгжүүлж байна. Төслийг тус аймгийн Тэс, Түдэвтэй, Тэлмэн, Тосонцэнгэл, Их-Уул, Баянтэс сумын ерөнхий боловсролын сургуулиуд, Улиастай сум дахь Политехник коллеж, Тосонцэнгэл сум дахь МСҮТ-д амжилттай хэрэгжүүлж байна.

Энэхүү төслийн хэрэгжилтийн явц, дунд хугацааны үр дүнг танилцуулах. Төслийн үйл ажиллагаанд хамтрагч талуудын уялдаа холбоог сайжруулах. Төслийн аймгийн зөвлөл болон сумын зөвлөлийн цаашдын хамтын ажиллагаа, үйл ажиллагааны чиглэлийг боловсруулах зорилгоор Улиастайд уулзалт зохион байгууллаа. Уулзалтад аймгийн удирдлагууд, төслийн аймгийн болон сумын зөвлөлийн удирдлага, гишүүд хамтрагч байгууллагын дарга, мэргэжилтнүүд оролцлоо гэж аймгийн ЗДТГ-аас мэдээлэв.

Тэлмэн сум хөгжлийн хөтөч нэртэй үйлчилгээний төвийг байгуулжээ

Японы Хүүхдийг ивээх сангаас хэрэгжүүлж буй төслийн бүх талын оролцооны хамтын ажиллагааны дүнд төслөөс багагүй оролцогчид үр шим хүртжээ.

-“Орон нутгийн өсвөр үеийн хүүхэд, залуучуудад хувь хүний ур чадвар, Энтрепренершип боловсрол олгох” төслийн сургалтад нийт 1278 суралцагч хамрагдсанаас бичил төслийн уралдаанд 866 суралцагч амжилттай оролцжээ. Ингээд 25 багийн төсөлд урамшуулал авсан байна.

Төсөлд хамрагдсан өсвөр үеийнхэнд бизнес санаагаа бодит болгон туршихад 63,0 сая төгрөгийн дэмжлэгийг үзүүлсэн. Мөн багшийн мэргэжил дээшлүүлэх институттэй хамтран зорилтот сумын 85 багшийг ESEL сургалтын багшаар бэлтгэн гэрчилгээ олгож, 60 ментор бэлтгэгдээд байгаа. Эдгээр менторууд нь төсөл хэрэгжих хугацаанд болон цаашид сум орон нутгийн залуустаа зөвлөн туслах үйл ажиллагааг явуулж байна. Түүнчлэн сургуульд суурилсан энтерпрайз уралдааныг зорилтот сургуулиудын дунд зарлаж дүгнэсэн. Ингээд Тэлмэн сумын ерөнхий боловсролын сургууль 88,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж авч, “Хөгжлийн хөтөч” хүүхэд залуучуудын цахим сургалт, үйлчилгээний төвийг байгуулсан.  

Мөн төслийн хүрээнд Завхан аймгийн 24 сумын эмч сувилагчийг “Ковидын үеийн хүчилтөрөгч ашиглалт, эмчилгээг сайжруулах” сургалтад хамруулжээ. Аймгийн Нэгдсэн эмнэлэгт зөөврийн хүчилтөрөгчийн аппарат гурав, сум тус бүрд хүчилтөрөгчийн баллон, зориулалтын баллоны түрдэг тэрэг, бүтэн жил хэрэглэх гуурс аппаратыг нийлүүлсэн байна гэж Японы Хүүхдийг ивээх сангийн Завхан салбараас мэдээлэл өглөө. 

Related news