ДАРХАН-УУЛ: Гэрлэх ёслолын өргөө 21 жилийн дараа хосуудаа дахин хүлээн авлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Дархан хот байгуулсны 61 жилийн ой өнөөдөр тохиож байна. Ойн өдрөөр Гэрлэх ёслолын өргөөний үйл ажиллагааг дахин сэргээж, хуримлагч хосуудаа хүлээн авч эхэллээ. 1984 оны 6
дугаар сарын 17-нд анх ашиглалтад орж тасралтгүй 17 жил үйл ажиллагаагаа
явуулж байсан Гэрлэх ёслолын өргөө нь 2001 онд өмч хувьчлалаар хувьд шилжсэн аж. Хувийн
хэвшилд шилжсэнээс хойш үндсэн үйл ажиллагаа явуулах боломжгүй өдийг хүрчээ.
Харин хоёр жилийн өмнө “Дархан нутаг” ТББ худалдан авч иж бүрэн засвар,
шинэчлэлийг хийж үндсэн үйл ажиллагааг сэргээсэн аж. Нийгмийн
хариуцлагын хүрээнд засварлаж тохижуулсан ч үйл ажиллагааг төр хариуцан явах
ёстой гэдгийг төрийн бус байгууллагынхан тухайн үед онцолж байсан ажээ. Тиймээс
аймгийн удирдлагууд "Дархан нутаг" ТББ-ын тэргүүн Б.Мөнхдаш нар зөвшилцсөний үндсэн
дээр аймгийн ИТХ-ын шийдвэрээр орон
нутаг худалдан авчээ.
Залуу
хосуудынхаа амьдралын торгон мөчийг гэрчлэн баталгаажуулах Гэрлэх ёслолын
өргөө үйл ажиллагаагаа дахин сэргээж явуулсан энэ өдрийн анхны хуримлагч хос нь
төрийн тусгай албанд үүрэг гүйцэтгэгчид байлаа. Тодруулбал 21 жилийн дараах анхны
хуримлагч хосууд бол Зэвсэгт хүчний 330 дугаар ангийн алба хаагч, ахлагч
А.Нямдорж, Онцгой байдлын газрын гал түймэр унтраах, аврах 54 дүгээр ангийн салааны захирагч, дэслэгч Т.Хулан нар гэрлэлтээ батлууллаа.
Хосуудын
хуримын ёслол, Гэрлэх ёслолын өргөөний нээлтэд УИХ-ын гишүүн Г.Дамдинням, аймгийн ИТХ-ын дарга С.Насанбат, аймгийн засаг дарга Б.Азжаргал, Дархан сумын
засаг дарга Т.Тулгаа нарын албаны төлөөлөл оролцож хосуудад аз жаргал, сайн
сайхан бүхнийг хүсэн ерөөлөө.
Тус өргөө нь зөвхөн хуримлагч хосуудад үйлчлэхээс гадна гэр бүлийн
зөвлөгөө, мэдээлэл, сургалт, соён гэгээрүүлэх үйл ажиллагаа явуулах ажээ.











