ӨВӨРХАНГАЙ: Улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэг спорт заалтай боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
batchimeg@montsame.mn
2022-10-03 15:38:09

Өвөрхангай /МОНЦАМЭ/. Арвайхээр сумын, улсын тэргүүний 4 дүгээр цэцэрлэг аймагтаа анх удаа урлаг, спортын заалтай болж байна.


“Ноос ирээдүй” ХХК-ийн Өвөрхангай аймаг дахь салбар 80 гаруй сая төгрөгөөр 100 хувийн хөрөнгө оруулалт хийж, 8х15 хэмжээтэй, 120 м2 талбай бүхий заалыг ашиглалтад оруулж өгчээ. Урлаг, заалны барилгыг цэцэрлэгийн хамт олон өөрсдийн нөөц боломж, хүч хөдөлмөрөөр босгосон байна. Мөн заалны дотоод тохижилтод аймгийн болон Арвайхээр сумын ЗДТГ-аас тодорхой хөрөнгө оруулалтыг хийсэн байна.


Тус цэцэрлэг 32 багш ажилчидтай бөгөөд долоон бүлэгт 260 хүүхэд өсч хүмүүжиж байгаа юм. “Манай цэцэрлэг “Ноос ирээдүй” ХХК-тай хамтын ажиллагаа тогтоож, тус үйлдвэрийн ажилчдын хүүхдүүдийг хамруулан сургаж байгаа. Бид шинэ заалаа ашиглаж, хүүхдүүдээ бие бялдар, гоо зүйн хүмүүжилд онцгой анхаарах болно” хэмээн цэцэрлэгийн эрхлэгч Х.Шоовдор хэллээ.

Related news