Малчид, иргэдийн хүсэлтээр ажлын хэсэг орон нутагт ажиллав

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-09-22 14:08:20

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт үйл ажиллагаа явуулж буй “Гурвансайхан” ХХК байгаль орчинд аюул учруулахаар нөхцөлийг үүсгэж байна гэж орон нутгийн иргэд үзэж байна.


Тодруулбал, хаягдал цагаан шохойн уусмалыг ил задгай хаяж байгаа нь иргэд эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчин хариуцлагагүй уул уурхайн жишээ болж байна гэж нутгийн иргэд ХЭҮК болон тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн С.Батболд, Г.Мөнхцэцэг нарт ханджээ. Тус сумын Буянт багийн иргэдээс тавьсан санал, гомдлын дагуу МХЕГ, Экологийн цагдаагийн алба хамтран ажлын хэсэг байгуулан нөхцөл байдалтай газар дээр нь очин танилцжээ.



Ажлын хэсэг тухайн багийн нутагт цацрагийн хэмжилт хийх, газрын хөрс болон байгаль орчинд учруулж болзошгүй эрсдлийг газар дээр нь хэмжин тооцох мэргэжлийн баг, хүний эрхийн зөрчил болон байгаль экологийг доройтуулсан гомдлыг шалган хуулийн хүрээнд хариуцлага тооцох чиглэлээр ажиллажээ.




Тухайлбал, ураны хордлого, цацрагийн хор болон химийн бусад гарсан гэх хордлогыг хэмжиж шинжлэн тогтоохоор боллоо. Мөн тухайн компани орон нутгаас газрын тусгай зөвшөөрөл аваагүй, татвар төлөхгүй, хууль зөрчсөн гэх асуудлыг шалган тогтоож, байгаль орчны үнэлгээг дахин хийлгэхээр болов. Мэргэжлийн багийн шалган тогтоосон үндэслэлийг харгалзан дээрх асуудлыг анхаарч ажиллахаа илэрхийллээ. 



Related news