ДАРХАН-УУЛ: Хяналтын пост ажиллуулж, өвчтэй малыг нядлах арга хэмжээг авч байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-20 18:33:30

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Завхан аймгийн Тэс сумаас 8 дугаар сарын 27-нд отроор Дархан-Уул аймгийн Хонгор сумын нэгдүгээр баг Бэрх уулын ар хэмээх газар ирсэн иргэн Л-ын малаас шүлхий өвчин илэрсэн.


Малын гоц халдварт өвчин гарсантай холбогдуулан аймгийн Шуурхай штабаас Хонгор сумын Онцгой комисст уг өвчинтэй тэмцэх талаар тодорхой үүрэг чиглэлийг өгсөн. Энэ дагуу Хонгор сумын Онцгой комиссоос мал нь шүлхийгээр өвдсөн айлын ойр орчимд хяналтын пост, хөдөлгөөнт эргүүлийг гарган ажиллуулж, хорио цээрийн бүсэд мал, машин, хүн оруулахгүй байх арга хэмжээг авч ажиллаж байна гэж Хонгор сумын Засаг дарга Т.Атархишиг мэдээлэв.


Тухайн айл бог, бод нийлсэн 344 толгой малтай. Шүлхий өвчин батлагдсан учир малыг утсгах арга хэмжээг авч эхэлжээ. Бэрх уул орчимд 30 гаруй өрхийн зургаан мянга орчим мал байна. Айлуудын малыг нийлүүлэхгүй байхад сумын онцгой комисс анхааран малчдад сэрэмжлүүлэг хүргэж байгаа аж.


Өөр аймаг сумаас амьд мал оруулахгүй, мөн тээвэрлэхгүй байх тухай аймгийн Засаг даргын захирамж өнгөрсөн наймдугаар сард гарсан аж. Аймгийн засаг даргын захирамж, аймаг сумын онцгой комиссын шийдвэрийг зөрчин ийнхүү мал оруулж ирсэн үйлдэлд хатуу арга хэмжээ авахыг малчид мал бүхий иргэдэд анхааруулж, буцаах, малыг нь нядалгаанд оруулах зэрэг арга хэмжээг авна гэдгийг холбогдох албаныхан мэдэгдэж байна.


Мал, амьтны гоц халдварт шүлхий өвчнөөр салаа туурайт мал, амьтан халдварлаж өвчилдөг. Тухайн өвчин нь малаас хүнд халдварлахгүй ч хүний хөл, машины дугуй зэргээр тээвэрлэгдэн тархах эрсдэлтэй аж.

Related news