ДАРХАН-УУЛ: “Техник үйлчилгээний дундын төв” 12 ААНБ-д үйлчилгээ үзүүлжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-09-19 22:05:29

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Газар тариалан эрхлэгч, тэр дундаа төмс, хүнсний ногоо тариалагч иргэн, ААНБ-д хавар, намарт тулгардаг бэрхшээл нь хүн хүч, техникийн дутагдал байдаг. Уг асуудлыг тодорхой түвшинд шийдвэрлэхээр “Текник үйлчилгээний дундын төв"-ийг өнгөрсөн жил байгуулсан. Тус төвийг техникээр хангах үүднээс УИХ-ын гишүүн Г.Дамдинням, орон нутгийн удирдлагуудтай хамтран Хөдөө аж ахуйг дэмжих сангаас эхний ээлжинд иж бүрдэл бүхий 10 трактор 2021 намар авч хүлээлгэн өгсөн.

Хаврын тариалалтаас эхлэн ажиллаж эхэлсэн дундын төв хавар, намрын тариалалт, ургац хураалтын үеэр тариаланч, ногоочдод хүрч ажиллажээ.  

Дундын төвийн бааз нь тоног төхөөрөмж авч чадахгүй, өндөр үнээр түрээслэх боломжгүй, өрхийн үйлдвэрлэл эрхэлдэг тариаланчид, ногоочдод хамгийн бага үнээр түрээсийн үйлчилгээ явуулдаг. Хагас жилийн хугацаанд нийт 95 иргэн, 12 аж ахуйн нэгжид дараах төрлийн үйлчилгээнүүдийг амжилттай үзүүлжээ. Үүнд газар хагалгаа -558 га, төмс тарилт  58 га, төмс хураалт 62 га, хор цацалт  8 га, маналт  9 га талбайд тус тус хийж гүйцэтгэжээ.

Цаашид тус төвийн тоног төхөөрөмж материаллаг баазыг нэмэгдүүлэх ялангуяа өвлийн хүлэмж, зоорьтой болгох, үйлчилгээний нэр төрөл, хүчин чадлыг нэмэгдүүлэхэд УИХ-ын гишүүн Г.Дамдинням анхаарч ажиллана гэв.

Related news