Малчдын эрсдэл даах чадварын индекс 40.28 хувьтай байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-09-19 17:29:11

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Нүүдлийн мал аж ахуйд учирч буй бэлчээр хомсдох, ган, зудын байдлын давтамж зэрэгт малчин өрхийн эрсдэл даах чадварын дундаж индекс 40.28 хувьтай байна. Энэ нь нийт сум, нийслэлийн захын дүүрэг бүрээс 30 малчин өрхийг хамруулан, нийт 10 мянган малчныг оролцуулсан судалгааны дүн юм. Энэ талаар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын зөвлөх С.Жигжидпүрэв өнөөдөр сэтгүүлч нарт танилцууллаа.



Тэрээр, малын тоо, бэлчээрийн даац, хүртээмж зэрэг холбоотой байдал бүгд тэнцүү байснаар малчдын амьжиргаа тогтвортой байна гэдгийг онцолсон юм. Тиймээс уур амьсгалын өөрчлөлтөд эрчимжсэн, ухаалаг байдлаар мал аж ахуй эрхлэх гурван тулгуурт зорилт тулгараад буйг тодотголоо. Үүнд:

  • Хэрэглэгч-үйлдвэрлэгч, үйлдвэрлэлийн бүтээмж, үр ашгийг тогтмол нэмэгдүүлэх,
  • Уур амьсгалын өөрчлөлтөд дасан зохицох, даван туулах чадварыг нэмэгдүүлэх,
  • Хүлэмжийн хийн ялгарлыг боломжийн хэрээр багасгаж арилгах явдал тулгарч буйг хэлж байна.

Тэрээр өнөөдөр байдал ямар байна гэвэл малчид жишээ нь, зээл авлаа гэхэд төлөх чадвараа тооцох боломжгүй эрсдэлтэй учирч байдаг. Ийм эрсдлүүдийг багасгахын тулд малчид наад зах нь даатгалд хамрагдаж байх хэрэгтэй байна гэдгийг тэмдэглээд, ингэхдээ холбогдох байгууллагууд даатгалын шаардлага босгыг малчдад “зориулан” багасгах хэрэгтэй байгааг хэлж байв.




“Малчид ба эдийн засгийн хөгжил” сэдвээр судлаач, шинжээч, сэтгүүлчид оролцсон өнөөдрийн уулзалтыг “Мэдрэмжтэй мэдээлье” төслийн нэгдэл, Эдийн засгийн сэтгүүлчдийн клуб хамтран зохион байгуулав. Уулзалтад НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын суурин төлөөлөгчийн газрын зөвлөх С.Жигжидпүрэв, Монголын Бэлчээрийн менежментийн нэгдсэн холбооны Удирдах зөвлөлийн дарга, хөгжлийн эдийн засагч Ц.Энх-Амгалан оролцож “Шинэ өсөлт” сэтгүүлийн эрхлэгч И.Отгонжаргал чиглүүлэн ажиллав.

И.Отгонжаргал хэлэхдээ, “Өнөөдрийн уулзалтыг “Мэдрэмжтэй мэдээлье” нэгдлийн хүрээнд, нийгэмд эмэгтэйчүүдийн оролцоог дэмжин нэмэгдүүлэх, энэ үүднээс хэвлэл мэдээллийн хэрэгслээр тэдний дуу хоолойг хүргэх зорилгоор зохион байгуулж буйг тодотгож, хөдөө аж ахуйн салбар дахь эмэгтэй эрдэмтэн, судлаачдыг урьж оролцуулан малчдын амьжиргааны тулгуур асуудлыг хөндлөө гэв.

 

Related news