ХҮНСНИЙ ХУВЬСГАЛ: Үл орлогдох амин дэмийг агуулсан СҮҮН ЧИХЭР
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ӨВӨРХАНГАЙ
Өвөрхангай /МОНЦАМЭ/. Хүний эрүүл мэндэд ямар ч ашиггүй, аюултай бүтээгдэхүүний тоонд чихэр ордог. Дархлаа унагах, шим тэжээлийн дутагдалд оруулах төдийгүй таргалалт, хөгшрөлт, өвчлөлийн эх үүсвэр болдгийг мэддэг хэрнээ чихэрт донтох үзэгдэл хүн төрөлхтний дунд түгээмэл байсаар байна.
Тэгвэл ямар нэг химийн бодис, өнгө будаг, транс тос, тогтворжуулагч, өтгөрүүлэгч агуулаагүй, малын цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн "Сүүн чихэр" худалдаанд гарч эхэлсэн нь чихэрт дурлагсдын таашаалд нийцэж, эрэлт ихтэй бүтээгдэхүүн болж байна. Үнээний сүү, шар сүүгээр 30 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, амттаны ертөнцөд хүнсний хувьсал хийгээд буй “Хужирт цагаан” ХХК-ийн үйл ажиллагааг сурвалжиллаа.
Үүднээсээ эхлэн хөдөө аж ахуйн соёлын өв, уламжлалт зан заншлыг сурталчлан таниулсан өвөрмөц тохижилт бүхий нэрийн барааны дэлгүүр, сарлагийн сүүн хуруудын цех, сүүн чихэр, шар сүүний хатаамлын үйлдвэрлэлтэй танилцахын зэрэгцээ тус компанийн захирал Г.Хаянхярваатай энэ сэдвийн дагуу хөөрөлдлөө.
Тэрбээр Хужирт сумын уугуул иргэн аж. Сумаасаа 1998 онд гараад 20-иод жилийн дараа эргэн ирэхэд суманд нь хүнсний брэнд бүтээгдэхүүн, үйлчилгээ байхгүй. Зарим малчин айл өрхүүд цагаан идээгээ ч хийхээ байсныг хараад бизнесийн шинэ санаагаа олжээ.
“Бод мал 60-70 төрлийн, бог мал 300-400 төрлийн ургамлаар идээшилдэг. Тийм учраас малын цэвэр сүүнд уургийг бүрдүүлдэг 20 гаруй төрлийн амин хүчил бий. Түүнээс найман төрлийн амин дэм нь хүний биед байдаггүй, зөвхөн сүү, сүүн бүтээгдэхүүнээс авах боломжтой. Өндөр уулын бүсэд өвсний сорыг түүж иддэг сарлагийн сүү гэхэд омега 3, селенийг маш ихээр агуулдаг учраас хорт хавдрын эсрэг үйлчилгээтэй байдаг” хэмээн Г.Хаянхярваа захирал ярилаа.
Гэтэл хүн бүр малчны хотонд очоод цэвэр сүү уугаад байх боломжгүй учраас чихрээр дамжуулан тэрхүү уураг, амин хүчлийг хүмүүст хүргэх зорилгоор 2017 онд “Сүүн чихэр”-ийн өрхийн үйлдвэрлэлээ эхлүүлжээ. “Үхрийн сүүний 87 хувь нь ус байдаг. Тэр усыг ууршуулчихаар 13 хувийн хуурай бодис буюу амин дэм, уураг үлдэнэ. Түүний 50 хувьд лактоз гэх сүүнд агуулагддаг чихэр бий. Ашигтай бактерийг хооллож байдаг байгалийн чихэр гэсэн үг. Тэр чихрийг зөгийн балаар баяжуулан цэвэр эко чихэр үйлдвэрлэдэг” хэмээр тэрбээр онцлов.
Мөн шар сүүгээр чихэр, хатаамал хийж эхэлсэн нь хэрэглэгчдийн талархлыг хүлээсэн учраас 2021 онд “Хужирт цагаан” ХХК-ийг байгуулан үйл ажиллагаагаа өргөтгөж, сүүн чихрээ бурам, хушга, самар, чацаргана, аньс, нэрс, үзэм, чангаанзаар баяжуулан олон төрөл болгохын зэрэгцээ шар сүүний хатаамал, шар сүүний тараг, шар сүүний ааруул, сарлагийн сүүн хурууд, ямааны сүүний ээзгий, 12 градустай эмчилгээний сүүн архи үйлдвэрлэж эхэлжээ. Цагаан идээ боловсруулахад шар сүүг маш ихээр асгаж байсан учраас эрүүл мэндийг дэмжих бүтээгдэхүүн болгож гаргах шинэ санааг эрэлхийлсэн гэнэ. Шар сүү хүний эрүүл мэндэд ашигтай олон нэгдлийг агуулдаг бөгөөд уураг, кальциар баялаг аж.
“Хужирт цагаан” ХХК нь “Хүн амын өсөлт – Эрүүл мэнд”-ийг чухалчлах алсын хараатай бол уриа нь “Таван тансаг идээ ундааг зооглохуй” буюу монголчуудын эрт дээр үеэр баримталж ирсэн идээ, ундааны өв соёл, цагаан идээний шимт чанарыг түгээхэд орших аж. Энэ талаар Г.Хаянхярваа захирал тайлбарлахдаа;
“Монголчууд идээ, ундааны гайхалтай соёлтой ард түмэн байсан. Хүн гэгч амьтны хоол хүнс нь таван зүйлд хураангуйлагддаг гэж монголчууд үздэг байж. Тэгээд үүнийгээ таван өнгөөр илэрхийлээд "Таван мэдрэхүйг баясгасан таван тамсаг идээ" гэж томъёолоод улирлын онцлогтой тохируулан хэрэглэж ирсэн. Намрын цагт жимс, ногоогоо түлхүү, өвөл, хавар махаа идэж, тамир тэнхээгээ тордож, зуны улиралд цагаан идээгээ хэрэглэн ходоодоо амрааж, бие махбодио эмчилдэг байсан. Тийм ч учраас дээр үеийн хүмүүс яс сайтай, урт насалдаг байж" гэв.
Мөн “Үл орлогдох монгол амин дэм” гэх тодотголыг бүхий л бүтээгдэхүүнийхээ хаяг шошгод бичихийн учир нь хүний биед нийлэгжиж бий болдоггүй, юугаар ч орлуулшгүй амин дэм, хүчил, эрдэс бодисууд зөвхөн монгол цагаан идээнд агуулагддаг. Хүний биеийн эс амин дэм, амин хүчин, уураг, эрдэс бодисоор хооллохоос гоё сав, баглаа, боодлоор хооллохгүй" гэж байлаа. Тиймээс сүлжээ дэлгүүр байгуулахаас гадна хөдөлмөр зусланг бий болгож, ирээдүй хойч үедээ таван тансаг идээний өв түүхийг сурталчлан таниулж, хэрэглээг хэвшүүлэх зорилгыг өмнөө тавьжээ.
Бүтээгдэхүүнийхээ түүхий эдийг газар дээрээс нь авч байхын тулд Хужирт сумын төвд үйлдвэрлэлийн байраа тохижуулсан бөгөөд өнгөрөгч долоодугаар сард нээлтээ хийсэн байна. Дэлгүүрээр нь зочлон орсон хүн бүрт айргаа сөгнөн амттанаа таваглан барих нь хаана ч байхгүй зочломтгой үйлчилгээ байв. Энэ тухай лавлахад “Монголчууд орж ирсэн хүнийг идээ ундаагаараа дайлдаг заншилтай. Нөгөөтэйгүүр хэрэглэгчдэдээ бүтээгдэхүүнийг амсуулж, амтлуулах нь илүү ач холбогдолтой. Зар сурталчилгаанд өндөр төлбөр төлж байхаар нэг хэрэглэгчид бүтээгдэхүүнээ амтлуулаад шинж чанарыг нь тайлбарлаад гаргах нь хамгийн зөв маркетинг байдаг” гэлээ.
Дэлгүүрийн дотоод дизайн загвар, тавилга, гоёл чимэглэл, бүтээгдэхүүний хэрэглэгдэхүүн бүгдэд монгол өнгө төрх, хээ хуарыг шингээсэн бөгөөд таван хошуу малаа эрхэмлэн дээдэлдэг нь дээрх бүгдээс харагдаж байв.
-Дэлгүүрээ их
өвөрмөц гоё тохижуулжээ. Монгол ахуй харагдаж байна?
-Тавилгыг, айргийн ваар, халбага, хул аяга, чихрийн даавуун уут, хөхүүр, уран зураг гээд энд хэрэглэж байгаа бүх эд зүйлийг Өвөрхангай аймгийн жижиг, дунд үйлдвэрлэлийнхэн бүтээсэн. Манай үйлдвэр аймгийн арван жижиг үйлдвэрийг кластераар хөгжих боломжийг бүрдүүлж өгч байна. Бид нэгнийгээ дэмжээд явбал өөрсдөө хөгжих, аймаг орон нутгаа ч хөгжүүлэх маш их боломж байна.
-Таван хошуу малаа эрхэмлэн дээдэлдэг гэдгийг энд байгаа зураг хөрөг, бүх зүйлээс харж байна. Малынхаа ашиг шимийг хүртдэг учраас тэр үү?
-Монгол идээ ундаа бол бэлдэхээс эхлээд
хийгээд боловсруулаад хэрэглэгчдэд хүрэх хүртэл бүхий л шат дамжлагадаа ёс
заншил, өв соёл, хүндлэл бишрэлийн бүх цогцыг агуулж байдгаараа гайхалтай.
Манай малчид малаа саахдаа зуны эхэн сарын шинийн 3-нд эхлүүлдэг. Гүүгээ барих,
айргаа исгэх, унагаа тавих бүгд өдөр судартай. Буянт малын ашиг шимийг
хүртэхдээ бид малаасаа гуйдаг ард түмэн. Хэрэглэгдэхүүн нь хүртэл амьтай. Хөхүүр гэхэд амьсгалдаг. Микробилоги,
биотехнологи нарийн процесс тэнд ажиллаж байдаг. Эцэг өвгөдөөсөө сургасан энэ
сайхан өв соёлыг бид тээж өвлүүлэх үүрэгтэй хүмүүс юм. Тэр утгаараа таван хошуу
малаа ихэд хайрлаж дээдэлдэг. Манай гэрт ирсэн хүн энэ зураг хөрөг, эд зүйлийг
хараад “танайх мянгат малчных уу” гэж асууж байсан.
-Энэ жижиг сувинер араг дотор хомоол уугиулдаг юм байна. Ямар учиртай вэ?
-Японы эрдэмтэд монгол адууны хомоолыг уугиулахад агаарт байгаа 300 нян бактерийг устгах чадвартай гэдгийг 10 жилийн өмнө тогтоосон. Тэгвэл үүнийг монголчууд аль эрт үеэсээ мэддэг байсан учраас хомоолоо уугиулж, ялаа шумуулаа үргээн, гэрийн чийгээ гадагшлуулж ирсэн уламжлалтай. Хөх хомоолыг уламжлалт анагаах ухаанд ч бас ашигладаг. Энэ бол амьд органик үйлдвэрлэл юм. Нутгийн брэнд бүтээгдэхүүнээ уламжлалт өв соёлтой хамтатган дэлгэрүүлж, дотоод гадаадад танин мэдүүлж, сурталчилж, үүгээр дамжуулан аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой гэж боддог.
Г.Хаянхярваа захирал хөдөө аж ахуйн таваар судлаач мэргэжилтэй учраас энэхүү үйлдвэрлэлээ явуулахад тун дөхөм байдаг гэнэ. Зөвхөн бүтээгдэхүүн үйлдвэрлээд зогсохгүй, сургалт явуулж, судалгаа хийж, докторантурт суралцаж байгаа аж. Аймаг, улсад төдийгүй ӨМӨЗО-ы хэд хэдэн хошуунд сүү, цагаан идээний шимт чанар, сүүн чихрийн үйлдвэрлэлээр сургалт явуулж, мөн туршлага судалжээ.
“Ээж маань Хужирт сумын сүүний үйлдвэрт ажилладаг, сүү, цагаан идээг сайхан боловсруулдаг хүн байсан. Биднийг багаас идээ ундаа бэлтгэх соёлд сургаж, зааж ирснийг бид одоо улам боловсронгүй болгож, инновац шингээн зах зээлд нэвтрүүлж байна. Цаашид үр хүүхдээ илүү сайн сургаж, олон улсад нэвтрүүлэх бодолтой явдаг. Охин маань ирэх жил БНСУ-д Олон улсын харилцаагаар сурах юм” хэмээн хуучиллаа.
Одоогоор түр болон байнгын ажлын байранд 20-иод хүнийг цалинжуулан ажиллуулж байгаа ба Хужиртын сурагч хүүхдүүд хичээлийн бус цагаар савлагаан дээр ажиллан өөрийн гэсэн орлоготой болдог гэнэ. Мөн нутгийн 30 гаруй малчин өрхөөс сүүгээ 1000-2500 төгрөгөөр бодож авдаг бөгөөд өдөрт улирлаас шалтгаалан 500-1000 литр сүүг бүтээгдэхүүн болгож байна. Борлуулалтын хувьд Хужиртын рашаан сувиллуудын амрагчид болон өөрийн нэрийн дэлгүүр, “Өвөрхангайд үйлдвэрлэв” төв, аймаг сумынхаа болон Улаанбаатар хотын зарим дэлгүүрээр хангалттай сайн борлуулдаг гэж байлаа. Гол нь зах зээлд тогтвортой байж, хэрэглэгчдээ татахын тулд бүтээгдэхүүн, үйлчилгээгээ чанартай байлгах ёстой гэдгийг тэрбээр хэлж байв.
Өвөрхангай аймагт дотоодын нийт бүтээгдэхүүн 657.7 тэрбум төгрөгт хүрсний 46.8 хувийг хөдөө аж ахуйн салбар эзэлж байна. Малын ашиг шимийн гарц нэмэгдэж, малын гаралтай түүхий эд, бүтээгдэхүүний үйлдвэрлэл бий болсон нь дотоодын нийт бүтээгдэхүүний өсөлтөд эерэгээр нөлөөлж байгаа юм. Аймгийн хэмжээнд сүү, сүүн бүтээгдэхүүн боловсруулах үйл ажиллагаа эрхэлдэг 10 аж ахуйн нэгж, иргэн байна. Түүний дотор сүүгээр чихэр, хатаамал үйлдвэрлэдэг нь цор ганц "Хужирт цагаан" ХХК аж.
“Жижиг, дунд үйлдвэрлэлийг хөгжүүлэхийн тулд төр, хэвшил хамтарч ажиллах шаардлагатай. Монголчууд бид 30 жил импортын хүнс хэрэглээд ямар байдгийг мэдлээ, хоёр жил хил хаагаад хүнсний хомсдолд орж үзлээ. Үйлдвэрлэлгүйгээр үйлчилгээ, худалдааны салбар хөгжүүлэх боломжгүйг ойлгоцгоолоо.
Үндэсний үйлдвэрлэл хөгжиж байж үндэсний дархлаа бий болно. Үүнд тохирсон төрийн бодлого, эрхзүйн таатай орчин, хяналтын тогтолцоог бий болгох хэрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгч эх орондоо хүнсний хувьсал хийж, бүс нутагтаа органик хүнс экспортлогч улс болох талаар яриад эхэллээ. Өрхийн үйлдвэрлэгчдийг урт хугацаатай, хүү багатай зээлээр дэмжээд өгвөл энэ зорилт богино хугацаанд хөгжих боломжтой" хэмээгээд бидний яриа өндөрлөв.
“Хужирт цагаан” ХХК-ийн хамт олон улс, аймгийн үзэсгэлэн худалдаанд амжмлттай оролцон 2017 онд “Шилдэг бичил үйлдвэрлэгч”, 2018 онд “Шилдэг сүү, сүүн бүтээгдэхүүн”, 2020 онд “Шилдэг хүнсний бүтээгдэхүүн”, 2021 онд “Шилдгийн шилдэг буюу гранпри”, “Шилдэг техник, технологи нэвтрүүлэгч” гэх шагналуудыг авсан бол саяхны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохиогдсон "Намрын ногоон өдрүүд - Үндэсний үйлдвэрлэл 2022" үзэсгэлэнгээс "Шилдэг хүнс үйлдвэрлэгч" хэмээх шагналыг хүртээд байна.
Related news

