ДАРХАН-УУЛ: Орхончууд нийт ургацынхаа 20 орчим хувийг хураагаад байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2022-08-26 20:37:43

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Улсын тэргүүний, Алтангадас одонт Орхон сум нь төмс, хүнсний ногоогоороо улсдаа танигдсан хөдөлмөрч ард түмэнтэй. Өнгөрсөн жил нийт талбайн 40 орчим хувийг үерт автуулж ургац алдаж байсан ч энэ жил байгалийн давагдашгүй хүчин зүйлээс сэргийлж хаврын хөдөлмөрийн үр шимээ эхнээсээ хүртэж байна. Тус сум нь нийт 1300 гаруй га эргэлтийн талбайтай аж.  Энэ жил долоон ААНБ, 242 иргэн 1313.7 га талбайд тариалалт хийсэн аж. Үүнээс 192.5 га талбайд төмс, 964.7 га-д хүнсний ногоо, 70 га-д улаан буудай, 87 га талбайд малын тэжэл, ургамал тариалжээ. Одоогоор 242.5 га талбайн ургац хураан авч, 19.9 хувьтай ургац хураалт явагдаж байна.


Ургацын урьдчилсан балансаар төмс 192.5 га талбайгаас 3657.5 тн ургац, га талбайгаас 190 цн ургац, хүнсний ногооны нийт талбайгаас 14663.4 тн ургац, га талбайгаас 152 цн ургац, Улаанбуудайн 70 га талбайгаас 1260 тн, га талбайгаас 18 цн, малын тэжээлийн ургамалын 87 га талбайгаас 144 тн ургац хураан авах урьдчилсан тооцоо гарчээ.

Ургац хураалтын явцыг тарималын төрлөөр нь авч үзвэл:

Лууван 360 га талбайд тариалалт хийж 21 га талбай хураан авч 415.5 тн ургац, сонгино 215.5 га талбайд тариалалт хийж 132.5 га талбай хураан авч 2583.5 тн ургац, хүрэн манжин 75.8 га талбайд тариалалт хийж 14 га талбай хураан авч 301 тн ургац, шар манжин  242 га талбайд тариалалт хийж 48 га талбай хураан авч 182 тн ургац, бусад навчит болон нарийн ногоо 27 га талбай хураан авч 43.5 тн ургац хураан авчээ. Түүнчлэн өргөст хэмх 74.5 га талбайд тариалалт хийгдэж одоогоор ургац хураалт ид явагдаж байна. Тус сумын ил талбайн өргөст хэмх шууд худалдан авалт хийгддэг бөгөөд “Газар шим”, “Дөрвөн өлзий”, “Багро” зэрэг компаниуд худалдан авалт хийж байна.

Жил бүрийн намар ургац хураалтын үеэр хүн, хүчний асуудал тулгардаг. Энэ жил ч мөн ажиллах хүчин дутмаг байна. Өнөөдрийн байдлаар Сэлэнгэ аймгийн ойролцоох сум болон бусад орон нутгаас 382 хүн ургац хураалтын ажилд оролцож байна. Одоогоор гурван ААНБ, 43 иргэний хүнсний ногооны таван төрлөөр 450 га талбайн ургац хураан авахад 631 хүн, 15-20 хоногийн хугацаатай ажиллуулах шаардлага тулгарчээ. Техникийн тухайд хадлан тэжээл, ургац хураалтад төмс хураах хоёр комбайн, 90-120 морины хүчин чадалтай таван трактор, 50-82 морины хүчин чадатай 21, 20-35 морины хүчин чадалтай 63 трактор бэлэн байдал хангаад байна.

 

Related news