ДАРХАН-УУЛ: “Darkhan cup-2022" улсын аваргын дөрөвдүгээр гараа амжилттай боллоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Мото спортын улсын аваргын дөрөвдүгээр гараа Дархан хотноо энэ сарын 20-ны өдөр амжилттай зохион байгуулагдаж өндөрлөлөө. Тэмцээнд Монгол Улс, ОХУ-ын Бүгд Найрамдах Буриад улс, Бүгд Найрамдах Казахстан улсын 52 тамирчид оролцож хурд хүчээ сорилоо.
Таван жилийн дараа Дархан хотод болсон улсын аваргын
гарааг “One Life auto
moto club” болон Дархан-Уул аймгийн “Талст хүрд” клуб зохион байгуулж нийт найман насны
ангиллаар өрсөлдлөө. Нийт таван гараа гарч улсын аварга тодордог аж. Эхний
гараа Улаанбаатар хот, хоёрдугаар гараа Хөвсгөл аймагт, гуравдугаар гараа
Улаанбаатар хотод болжээ. Тэмцээнд 2017, 2018, 2019, 2021 оны улсын аварга
тамирчид хурд хүчээ сорьсон нь тэмцээнийг илүү сонирхолтой болголоо гэж зохион
байгуулагчид онцоллоо. Тэмцээний замын тухайд 2012 онд спортын мастер Э.Халиунболд
зохиосон 10 жилийн түүхтэй 1.8 км урт, элсэрхэг, тамирчдын авхаалж самбаа, ур
чадвар шаардсан нарийн замд тооцогддог ажээ. Сүүлийн 3-4 жилд бага насны
хүүхдүүд оролцох боломжгүй орхигддог байсан ч энэ жилээс эхлэн дахин оролцож
эхэлж байна.
Энэ жилийн тэмцээний насны ангиллын хамгийн залуу тамирчид болох Б.Анар, Б.Ананд нар тав, зургаан настай бөгөөд Дархан-Уул аймгаас оролцжээ.
Нийт найман гараа нь мэргэжлийн ангилал, хүүхдийн ангилал, сонирхогчдын ангилал, өсөх ирээдүй тамирчдын ангилал, ахмад тамирчдын ангиллаар зохион
байгуулагдаж гараа бүрээс шилдэгүүд финалын гарааг хийж шилдэгүүдээ тодрууллаа.
Мотоспортын дөрөвдүгээр гарааны мэргэжлийн ангиллын аваргаар Монгол Улсын
гурван удаагийн аварга, спортын мастер П.Төрбат тэргүүллээ. Удаах байруудад
Спортын мастер Б. Мэндбилэг, 2017 оны улсын аварга Б.Батмөнх шалгарч тусгай
байрт ОХУ-ын тамчирчин А.Никита нар шилдгүүдээр тодорлоо. Нэг тамирчин хөлний зөөлөн эдийн гэмтлээс шалтгаалан тэмцээнээ
зогсоосон бол бусад тамирчид амжилттай замаа дуусгаж чадсан аж.
Тэмцээний үеэр аймгийн Цагдаагийн газар иргэдийг гэмт хэрэг, зөрчлөөс
урьдчилан сэргийлэх, болзошгүй эрсдлээс хамгаалах, тээврийн хэрэгсэл,
хөдөлгөөний аюулгүй байдлыг хангах чиглэлээр ажиллалаа.











