Б.Батцэцэг: Боомтын төмөр замыг Засгийн газрын түвшинд эцэслэнэ гэсэн хүлээлт байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | УЛС ТӨР
batbold.sh@montsame.gov.mn
2022-08-05 16:04:00
@ShoovdorBatbold

Улаанбаатар /МОНЦАМЭ/. БНХАУ-ын Төрийн Зөвлөлийн гишүүн, Гадаад хэргийн сайд Ван И Монгол Улсад наймдугаар сарын 7-8-ны өдрүүдэд албан ёсны айлчлал хийх гэж байна. Энэхүү айлчлалаас Монголын талын хүлээж буй үр дүн, хоёр орны харилцаа, хамтын ажиллагааны талаар Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Мэдээллийн МОНЦАМЭ агентлагт ярилцлага өглөө.


Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол-Хятадын Гадаад харилцааны сайд нар 

9 удаа харилцан айлчилсан


-БНХАУ-ын Гадаад хэргийн сайдын энэ удаагийн айлчлал хэд хэдэн удаагийн харилцан айлчлалын дараа болох гэж байна. Энэ утгаараа яриа хэлэлцээ харьцангуй хялбар ойлголцох хэмжээнд өрнөнө, улс төр, эдийн засгийн өндөр ач холбогдолтой, үр дүнтэй айлчлал болно гэсэн хүлээлт байгаа. Энэ талаарх Таны байр суурийг сонирхож байна? 

-Монгол, Хятад хоёр улс нь Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцааг, бүхий л салбарт идэвхтэй өрнүүлж байгаа бөгөөд дээд, өндөр түвшний харилцан айлчлал уулзалт тогтмолжсон, эдийн засгийн хамтын ажиллагааны хувьд нягт харилцаатай хөршүүд юм. Мөн НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд хоёр тал ойр хамтарч ажилладаг. Энэ утгаараа хоёр орны найрсаг харилцаа, харилцан ашигтай хамтын ажиллагаа бүс нутагтаа үлгэр жишээ болохуйц гэж дүгнэж болно. Бидэнд шийдвэрлээгүй, маргаантай аливаа асуудлууд байдаггүй учраас харилцааны бодит үр өгөөжийг дээшлүүлэхэд яриа хэлэлцээ, уулзалтын давтамжийг нэмэгдүүлэх, зохицуулалт хийх л асуудлууд бий. 


Сүүлийн 10 жилийн хугацаанд Монгол-Хятадын Гадаад харилцааны сайд нар нийт 9 удаа харилцан айлчилсан нь хоёр орны ойр дотно харилцаа, хамтын ажиллагаа тогтвортой хөгжиж буйг илтгэн харуулж байна. Ван И сайд Гадаад хэргийн сайдын хувиар Монгол Улсад дөрөв дэх удаагаа айлчлах гэж байна. Хоёр талын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаа нь анхаарал хандуулах үндсэн сэдэв. Иймд энэ удаагийн айлчлалаар хоёр талын хамтран хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрүүд, хилийн боомтын үйл ажиллагаа, ачаа тээврийн зохицуулалт, иргэд харилцан зорчих зэрэг асуудлаар түлхүү санал солилцож, ахиулахаар ажиллана. 

Айлчлалаас хүлээж буй гол үр дүнгийн хувьд манай хамгийн их анхаарал хандуулж буй уул уурхайн бараа бүтээгдэхүүний экспорт, хилийн төмөр замын холболт, тээвэр логистик, эрчим хүчний төсөл хөтөлбөрүүд зэрэг тулгамдсан асуудлыг шийдвэрлэх, гарц шийдэл олох явдал юм. 

Боомтын төмөр замын холболтын асуудлыг Засгийн газрын түвшинд эцэслэн тохиролцож, хоёр орны эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах эхлэл тавигдана гэсэн хүлээлттэй байна. 

БНХАУ нь манай улсын гадаад харилцаа, худалдааны гол түнш, стратегийн чухал харилцагч орны хувьд энэ удаагийн айлчлалаар бид хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааны нөөц бололцоог улам хөгжүүлэх бодит үр дүн, чанарт түлхүү ач холбогдол өгч байна. Монгол Улс, БНХАУ-ын Иж бүрэн стратегийн түншлэлийн харилцаа идэвхтэй хөгжиж, хоёр талын улс төрийн харилцан итгэлцэл бэхжиж, бүх түвшний яриа хэлэлцээ идэвхтэй өрнөж буй нь худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх таатай боломжийг бүрдүүлж байна.


Манай хөрш БНХАУ нь өөрийн хөгжлийн үр өгөөжийг хөрш зэргэлдээ орнуудтайгаа хуваалцан, хамтдаа хөгжих бодлогыг тууштай хэрэгжүүлж буйг бид өндрөөр үнэлдэг бөгөөд БНХАУ-тай эрх тэгш, харилцан ашигтай, хамтдаа хөгжих зарчмын дагуу тус тусын давуу тал, нөөц бололцоог ашиглан хоёр улсын удирдагчдын хүрсэн олон чухал тохиролцоог идэвхтэй хэрэгжүүлж, стратегийн урт хугацааны хөгжлийн бодлогын уялдааг хангаж, хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны агуулга, түвшнийг бүх талаар ахиулахад бэлэн байгаа.


Айлчлалын хүрээнд хоёр орны импорт, экспортыг тогтвортой нэмэгдүүлэх, хилийн боомтын хүчин чадлыг сайжруулах, хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжаар хэрэгжүүлж буй төсөл, хөтөлбөрийг түргэтгэх, Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүсийн бүтээн байгуулалтын төлөвлөлтийг харилцан уялдуулах, гурван талын Эдийн засгийн коридорын хүрээнд хэрэгжүүлэх төслүүд зэрэг тодорхой асуудлуудаар санал солилцож, тохиролцоонд хүрч, хоёр орны худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэн хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулах чухал ач холбогдолтой айлчлал болно гэдэгт итгэж байна. 

Монгол Улсын Гадаад харилцааны сайд БНХАУ-д албан ёсны айлчлал хийв.

2021 оны 7 дугаар сар. Бээжин хот.


Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох 

техникийн нөхцөлийг тохиролцох санамж бичиг байгуулна


-Боомтын хүчин чадлыг нэмэгдүүлэх нь манай улсын хувьд их чухал. Олон жилийн турш яригдаж байгаа боомтуудыг төмөр замаар холбох, боомтынхоо хүчин чадлыг нэмэгдүүлэхэд урд хөршийн оролцоо тусламжийг авах тухай яриа өмнөх айлчлал, уулзалтуудаар байнга хөндөгдөж байсан. Энэ удаад ч энэ талын яриа мөн үргэлжлэх үү? 

-Айлчлалын үеэр Монгол, Хятадын уул уурхайн бүтээгдэхүүний экспорт-импортын гол гарц болох Гашуунсухайт-Ганцмод боомтыг төмөр замаар холбох төслийн хүрээнд хилийн төмөр замын техникийн нөхцөлийг тохиролцох санамж бичигт гарын үсэг зурна. Ингэснээр хоёр улсын хилийн төмөр замын бүтээн байгуулалтыг эхлүүлэх эрх зүйн үндэс бүрдэх бөгөөд тус бүтээн байгуулалтад шаардлагатай хөрөнгө оруулалт татах асуудлыг Талуудын төмөр замын суурь бүтэц эзэмшигч аж ахуйн нэгжүүд хариуцаж, ойрын хугацаанд эхлүүлнэ гэж ойлгож болно. Одоогийн байдлаар Монгол Улс нь БНХАУ-тай Замын-Үүд-Эрээн төмөр замын боомтоор ганц гарцаар тээвэрлэлт гүйцэтгэдэг бөгөөд Гашуунсухайт-Ганцмод төмөр замын боомт нээгдсэнээр төмөр замын хоёр дахь гарц болох юм. Энэхүү төмөр зам ашиглалтад орсноор Монгол Улсын нүүрсний экспорт жилд 15 сая тонноор нэмэгдэх урьдчилсан тооцоо бий. 


-Бидний хөрш БНХАУ асар том зах зээлтэй, асар том үйлдвэрлэгч улс. Ялангуяа өнөөгийн энэ хүнд бэрх цагийг монголчууд хохирол багатай даван туулахад урд хөрштэй ашигтай төсөл хөтөлбөрүүд дээр хамтрах, хүнсний болон бусад төрлийн экспорт, импортыг нэмэгдүүлэхэд дэмжлэг авах нь чухал байгаа. Манай талын хүлээлт ямар байна вэ? 

-БНХАУ нь 2021 онд ДНБ хэмжээ 17.7 их наяд ам. долларыг давсан, нэг хүнд ногдох ДНБ -12500 ам.доллартой тэнцэж, дэлхийн эдийн засгийн 18 хувийг бүрдүүлж буй дэлхийн хоёр дахь том эдийн засгийн гүрэн юм. Өнөөдөр дэлхий дахинаа тархсан цар тахал, олон талт худалдаа, эдийн засгийн тогтолцоонд шинэ сорилтууд тулгарч буй энэ цаг үед Монгол Улсын хувьд хоёр орны улс төрийн харилцааг бататгахын зэрэгцээ эдийн засгийн агуулгыг улам бүр баяжуулах нь чухал юм. Энэ ч утгаараа айлчлалын гол зорилго үүнд оршиж байна. 


Энэ хүрээнд манай хоёр орны байгуулахаар зорьж буй Монгол, Хятадын Замын-Үүд, Эрээний эдийн засгийн хамтын ажиллагааны бүс хятадын талын туршлагад тулгуурлан инновац, ногоон хөгжилд суурилсан бүс нутагтаа жишиг бүс болгон хөгжүүлэхээр ажиллаж байна. Энэхүү бүс байгуулснаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ агуулга хэлбэрээр баяжуулж буй юм.

БНХАУ нь манай худалдаа, хөрөнгө оруулалтын тэргүүлэх түнш. Энэ оны эхний хагас жилийн байдлаар Монгол улс дэлхийн 57 оронд бараа экспортолсноос БНХАУ-д 82.4 хувь эзэлж байна. Энэ ч утгаараа манай уул уурхай, хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний нийт экспортын 90 орчим хувийг БНХАУ дангаараа эзэлж байна. Бид эдийн засгаа сэргээх бодлогын хүрээнд Монгол Улсаас БНХАУ-д нийлүүлэх манай стратегийн ач холбогдолтой нүүрс зэрэг бусад уул уурхайн болон уул уурхайн бус хөдөө аж ахуйн гаралтай бүтээгдэхүүний худалдааны гарцыг нэмэгдүүлэх, нэр төрлийг олшруулах, эрх зүйн орчныг боловсронгуй болгох, холбогдох хорио цээрийн нөхцөл шаардлагыг тохирох зэрэг асуудлаар хамтын ажиллагааг идэвхтэй хөгжүүлж байна.

Энэ нь манай Засгийн газрын 2020-2024 оны үйл ажиллагааны төлөвлөгөө зэрэг стратегийн баримт бичгийн хүрээнд хэрэгжүүлэх чухал арга хэмжээ юм. 


Хятадын талаас манай уул уурхайн болон үр тариа, арьс шир, ноос, мах, махан бүтээгдэхүүн зэрэг уул уурхайн бус бүтээгдэхүүний импортыг шат дараатайгаар сэргээж, экспорт, импортын үйл ажиллагаа сэргээд байна. Мөн Монгол Улсаас БНХАУ-д хөх тариа, улаан буудайн гурил, сүү, сүүн бүтээгдэхүүн экспортлох нөхцөл бүрдсэн болно.


Энэ дашрамд дурдахад Монгол, Хятадын эдийн засгийн харилцаа, хамтын ажиллагааны хүрээг өргөтгөн хөгжүүлэх зорилгоор эрх тэгш, харилцан ашигтай, хамтдаа хөгжих зарчмын дагуу “Монгол Улс, БНХАУ-ын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр”-ийг хоёр дахь удаагаа шинэчлэн байгуулахаар тохиролцож, ойрын хугацаанд буюу ЗГХК-ын хүрээнд хөтөлбөрт гарын үсэг зурахаар бэлтгэлийг хангаж байна. Энэхүү хөтөлбөр нь Монгол, Хятадын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааг дунд хугацаанд буюу ойрын 5 жилд гүнзгийрүүлэн хөгжүүлэх чиглэл, удирдамж болох чухал ач холбогдолтой юм. 


-Хятад улс цөлжилтийн эсрэг тэмцэх, мод тарьж ургуулах тал дээр туршлагатай. Энэ тал дээр болон Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төслүүд дээр хамтран ажиллах яриа хэлэлцээ үргэлжилж байгаа гэж ойлгож байгаа. Үр дүн нь хэзээ гарах вэ?  

-Уур амьсгалын өөрчлөлт, хүлэмжийн хийн ялгарлыг бууруулах, экосистемийн доройтолтой тэмцэх, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах чиглэлд Монгол Улсын Засгийн газар өндөр ач холбогдол өгч ирсэн. Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ оны 2 дугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалаар Монгол Улсын Засгийн газраас дэвшүүлсэн “Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд боомт, эрчим хүч, аж үйлдвэржилт, Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах болон ногоон хөгжлийн чиглэлийн томоохон төслүүдийг хэрэгжүүлэхэд хувийн хэвшил, хөрөнгө оруулагчдын идэвхтэй оролцоог хангахаар тохиролцсон.

Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй уулзав.

2022 оны хоёрдугаар сарын 6-ны өдөр. Бээжин хот.


Ерөнхий сайдын айлчлалын мөрөөр Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Сангийн яамтай хамтран Улаанбаатар хотын түгжрэлийг бууруулах төслүүдийг хэрэгжүүлэхтэй холбоотой эхний шатны ТЭЗҮ, байгаль орчны нөлөөллийн тайлан зэрэг бэлтгэл хангах шатандаа байна. Үүний үндсэн дээр бид хятадын талтай эдгээр төслүүдийн талаар үргэлжлүүлэн санал солилцох боломжтой юм.

Байгаль орчноо хамгаалах, уур амьсгалын өөрчлөлт, цөлжилт, шар шороон шуургатай тэмцэх зорилгоор Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг санаачлан өрнүүлж буйг БНХАУ болон дэлхийн улс орнууд талархан хүлээж авсан. Энэ чиглэлд хятадын талтай экологи, хүрээлэн буй орчныг хамгаалах, цөлжилттэй тэмцэх хамтын ажиллагааг бэхжүүлж, дэлхийн уур амьсгалын өөрчлөлтийн эсрэг тэмцэж, цэвэр, үзэсгэлэнтэй байгаль экологи, хүрээлэн буй орчныг бүтээж, хүн ба байгаль эхийн амьд оршихуйн нэгдлийг хамтдаа цогцлоохоор тохирсон.

Энэ удаагийн айлчлалаар мөн энэ чиглэлээр төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар санал солилцож, бодит ахиц гаргахыг зорьж байна. 


“Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Багануурын цахилгаан станц” бол

хоёр орны хамтын ажиллагааны жишиг болсон төслүүд


-Манай хоёр улс бүх салбар дахь хамтын ажиллагаагаа хөгжүүлж бэхжүүлэх бодлого баримтлах нь мэдээж. Түүн дундаас эдийн засаг, бизнесийн маш олон салбарт урд хөрштэй харилцан ойлголцож хамтран ажиллаж байх шаардлага байдаг. Тухайлбал, Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станцын талаар энэ айлчлалаар тодорхой зүйл ярьж тохиролцох уу? 

-Монгол Улсын Засгийн газар БНХАУ-ын Засгийн газартай хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, харилцан ашигтай, хамтдаа хожих үзэл санааны дагуу хөгжлийн хамтын ажиллагааг бүхий л талаар бэхжүүлэхээр зорин ажиллаж байна.


Бид Монгол Улсын “Алсын хараа-2050” урт хугацааны хөгжлийн бодлого, “Шинэ сэргэлтийн бодлого” болон БНХАУ-ын “Даян дэлхийн хөгжлийн санаачилга” мөн “Талын зам” хөтөлбөр, “Бүс ба Зам” санаачилгатай харилцан уялдуулж, худалдаа, хөрөнгө оруулалт, эрдэс баялаг, эрчим хүч, дэд бүтцийн бүтээн байгуулалт, ногоон хөгжил зэрэг салбарын хамтын ажиллагааг өргөжүүлэн, томоохон төсөл, хөтөлбөрийг хэрэгжүүлэх замаар тогтвортой эдийн засгийн хөгжлийг бий болгож, хоёр улсын ард иргэдэд ашиг тус хүртээхийг зорьж, энэ чиглэлийн хамтын ажиллагааг өргөжүүлж, харилцан ойлголцлоо нэмэгдүүлж, харилцан бие биеэ дэмжин ажиллаж байна. 


Хятадын тал “Бүс ба Зам” санаачилгыг дэвшүүлснээс хойш монголын талд олгох буцалтгүй тусламжийн хэмжээг нэмэгдүүлж, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв зэрэг ард иргэдийн амьжиргааг дээшлүүлэх, орон нутгийн нийгэм, эдийн засгийн хөгжлийг дэмжихэд зориулсан үр ашигтай төслүүдийг хэрэгжүүлсэн. Одоогийн байдлаар хоёр тал Монгол Улсад буцалтгүй тусламжаар гэр хорооллын дахин төлөвлөлт, боомтын дэд бүтэц, Монголын Говийн Мазаалай баавгайг хамгаалах техникийн туслалцаа үзүүлэх зэрэг дэд бүтэц, боловсрол, орон сууцны нөхцөлийг сайжруулах, олон нийтийн халамжийн байгууламжид туслах зэрэг олон салбарыг хамарсан төслүүдийг хэрэгжүүлж байна.

Хятадын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр хэрэгжүүлэх “Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц”, “Багануурын цахилгаан станц”-ын төслүүд нь хоёр орны эрдэс баялаг, эрчим хүчний салбарын хамтын ажиллагааны жишиг болсон төслүүд бөгөөд Монгол Улсын Засгийн газрын Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хэрэгжүүлэх чухал төслийн нэг юм. Энэ утгаар Монгол Улсын Засгийн газар энэхүү төслийг аль болох эрт хэрэгжүүлж, Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд хувь нэмэр оруулах тал дээр онцгой анхаарал хандуулж байна.

Энэхүү төслийн хэрэгжилтийг түргэтгэх асуудлаар тодорхой санал солилцоно. Монголын талаас газар чөлөөлөлт хийх зэрэг дотооддоо шийдвэрлэх асуудлууд бас бий. 


-Хоёр улсын Гадаад харилцааны сайд нарын хувьд цар тахлын болон бусад амаргүй нөхцөл байдалд харилцааны идэвхтэй найрсаг байдлаа хадгалж хэд хэдэн уулзалт, айлчлалыг хийж байна. Эдгээр уулзалтуудаас гарч буй үр дүн нь зөвхөн өнөөдрийн асуудлыг шийдвэрлэх бус, улс төр, эдийн засгийн цаашдын нөхцөл байдалд ч нөлөө, үр дүнгээ өгнө гэж харж байна. Энэ талаарх Таны байр суурь ямар байгаа вэ? 

-Сүүлийн хэдэн жил дэлхий нийт цар тахлын том сорилттой тулгарч, улс орнуудын хамтын ажиллагаа саарсан тал бий. Монгол, Хятадын хувьд Гадаад харилцааны сайд нар төдийгүй дээд, өндөр түвшинд цаг үеийн нөхцөл байдалд зохицсон хэлбэрээр байнгын харилцаатай явж ирсэн. Гадаад хэргийн сайд нарын харилцан айлчлал цар тахлын нөхцөлд ч тасраагүй. Энэ нь бидний харилцаа хэр зэрэг идэвхтэй, найрсаг байгааг харуулж байна. Хоёр орны ГХЯ-д хооронд цар тахлын үед харилцах механизм хүртэл байгуулж, хүнд үед харилцан дэмжиж ажилласан. 


Дээр дурдсанчлан хоёр орны хооронд улс төрийн аливаа маргаан, зөрчил байхгүй нь харилцаа, хамтын ажиллагааг бэхжүүлэх, харилцан ойлголцоход хялбар бөгөөд том боломж болдог. 


Айлчлалын хүрээнд зохион байгуулж буй хэлэлцээ, уулзалтуудаар хоёр талын харилцаа, хамтын ажиллагааг өнгөрсөн, одоо, ирээдүй гурван хэмжээсэнд цогцоор нь авч хэлэлцэн, үнэлэлт дүгнэлт өгч, өнөөгийн нөхцөл байдалд тулгамдаж буй асуудлуудыг хэрхэн зохистой шийдвэрлэх арга замыг хамтдаа эрэлхийлж, харилцааны ирээдүйн чиг хандлагыг хэрхэн хоёр талд ашигтай байдлаар урт хугацаанд тогтвортой үргэлжлүүлэх талаар санал солилцож, нэгдсэн ойлголцолд хүрч чадна гэдэгт итгэлтэй байна. 


Тяньжин боомтод 4000 гаруй хуримтлагдаад байсан чингэлгийн тоо

1000-аас доош болж буурсан


-Боомтын тухай яриандаа эргэн оръё. Манай улс боомтын хүчин чадлаараа дэлхийн улс орнуудаас сүүл мушгидаг. Тиймээс ч Засгийн газраас боомтуудаа сэргээх зорилт тавьж тээвэр логистикийн бартаа саадыг арилгах, чадамжийг нэмэхэд ач холбогдол өгч байгаа. Урд хөрш дотооддоо хүртэл өндөр хяналт, хатуу хоригтой байгаа үед манай талаас хил гаалиа чөлөөтэй нээх тухай яриа хэлэлцээг хийж байна. Гол тулгамдаж байгаа бэрхшээл саад нь юу байгаа вэ? 

-Хилийн боомтын үйл ажиллагааг хэвийн хангах нь Монгол Улсын хувьд нэн тэргүүний тулгамдсан асуудал мөн. Цар тахлын хүнд амаргүй нөхцөлд Монгол, Хятадын хилийн ажиллаж байгаа боомтуудаар хийгдэж буй экспорт, импортын хэмжээг нэмэгдүүлэх, хилийн боомтын хэвийн үйл ажиллагааг хангах, цар тахлаас үүдэлтэйгээр хаагдсан хилийн боомтыг үе шаттайгаар нээх, ачаа тээврийн хөдөлгөөнийг сэргээх зэрэг хоёр улсын хилийн боомтуудын асуудлаар бүхий л түвшинд хятадын талтай тусгайлан хэлэлцэж, илүү нягт хамтран ажиллан харилцан бие биеэ дэмжихээр санал нэгдсэн билээ. Монгол, Хятадын хил орчмын бүс нутгийн дэд бүтцийн хөгжил болон, зам тээвэр, хорио цээрийн стандарт харилцан адилгүй байна. БНХАУ-ын Засгийн газраас хэрэгжүүлж буй “Тэг ковид” бодлогын хүрээнд төмөр замын болон автозамын боомтуудад тавьж буй хяналт нь бараа бүтээгдэхүүн, зорчигч, тээврийн хэрэгслийг аюулгүй нэвтрүүлэх шаардлагыг нэмэгдүүлж, боомтын нэвтрүүлэх цаг хугацаа, өртөгт нөлөөлөн улмаар хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагааны хөгжилд сорилт болж байна. Мөн манай хөршид, ялангуяа хил орчмын бүс нутагт ковид-19 батлагдсан тохиолдол гарч буй нь хоёр орны худалдаа, тээврийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөх эрсдэл бий.

Хоёр тал харилцан ажилласны дүнд Монгол, Хятадын хилийн боомтын үйл ажиллагааг шат дараатайгаар сэргээж, одоогийн байдлаар 7 боомт хэвийн үйл ажиллагаатай байна. Цаашид Бичигт, Бургастай зэрэг боомтуудыг нээхээр ажиллаж байна.

Хоёр улсын худалдаа, эдийн засгийн хамтын ажиллагаанд тээврийн салбар чухал байр суурь, үр нөлөө эзэлдэг. Цар тахлын хүндхэн нөхцөлд эм, эмийн хэрэгсэл, хүнс зэрэг Монгол Улсад нэн шаардлагатай стратегийн ач холбогдолтой бараа бүтээгдэхүүний татан авалтыг тасалдуулахгүй хангахад манай хоёр Гадаад харилцааны яам түлхүү оролцох шаардлага бий болсон. БНХАУ бусад улс орнуудтай харьцуулахад байнгын цар тахалтай тэмцэх нөхцөлд манай талын ашиг сонирхлыг илүү харгалзаж, боомтын хэвийн үйл ажиллагааг хангах, худалдааг тасалдуулахгүй, тогтвортой нэмэгдүүлэх чиглэлд ихээхэн анхаарал хандуулж, хоёр тал бүх түвшинд харилцан ажиллаж, хамтын хүчин чармайлтын дүнд боомтуудаар хүнс, эм, эмийн хэрэгсэл, томоохон бүтээн байгуулалтын төсөл зэрэг манай стратегийн нэн шаардлагатай бараа бүтээгдэхүүний татан авалтыг тасалдуулахгүй хэвийн үргэлжлүүлэх ажлыг зохион байгуулж, нийт 10000 гаруй вагоны захиалгын мэдээллийг хүргүүлж, үр дүнтэй ажилласан байна.


Мөн 2022 оны 1 дүгээр сарын 11-ний өдрөөс Замын-Үүд, Эрээний авто замын боомтод чингэлэг солилцох “тэг цэг” арга хэмжээг хэрэгжүүлж, энэ оны эхний хагас жилийн байдлаар нийт 10000 гаруй чингэлгээр 200 гаруй мянга орчим өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн импортоор орж ирсэн. Цар тахлаас урьдчилан сэргийлэх, хянах арга хэмжээг илүү боловсронгуй болгох, хоёр орны худалдааг нэмэгдүүлэх, боомтуудын нэвтрүүлэх хүчин чадлыг сайжруулах, тээвэр, логистикийн хүрээнд үүсэж буй саад, бэрхшээлийг бууруулах үүднээс тус боомтод чингэлэг тээврийн талбайн өргөтгөлийн ажлыг хоёр талаас эхлүүлээд байна. Түүнчлэн хүний оролцоогүй дэвшилтэт шинэ технологийг нэвтрүүлж, жолоочгүй тээврийн хэрэгслээр улс хоорондын ачаа тээврийг зохион байгуулах, автомат удирдлагатай чингэлэг тээврийн хэрэгслээр уул уурхайн бүтээгдэхүүний тээвэр гүйцэтгэх нөхцөлийг Гашуунсухайт-Ганцмод, Шивээхүрэн-Сэхээ зэрэг боомтуудад бүрдүүлэхээр ажиллаж байна. Хоёр талаас харилцан авч хэрэгжүүлж буй арга хэмжээ нь манай Шинэ сэргэлтийн бодлого зэрэг хоёр орны урт, дунд хугацааны хөгжлийн бодлоготой уялдаж, бараа бүтээгдэхүүний эргэлтийг нэмэгдүүлж, тээврийн зардлыг бууруулах зэрэг эдийн засгаа сэргээх зорилтыг хэрэгжүүлэхэд чухал үүрэг гүйцэтгэж буй юм.

Мөн Тяньжин боомтод бөөгнөрсөн чингэлгүүдийг яаралтай татан авах асуудлыг шийдвэрлэх, бусад боломжит далайн боомтыг ашиглах саналыг энэ 4 дүгээр сард Ван И сайдтай утсаар ярих үеэр хөндөж тавьсан бөгөөд энэ асуудал шийдвэрлэгдэж, Тяньжин боомтод 4000 гаруй хуримтлагдаад байсан чингэлгийн тоо өнөөдрийн байдлаар 1000-аас доош болж буураад байгаа бөгөөд Ляньюньган-Улаанбаатарын чиглэлд чингэлэг тээвэрлэлт эхлээд байна. 


-Энэ удаагийн айлчлалын үр дүнтэй холбогдох нэг чухал хэсэг нь яах аргагүй нүүрсний экспортын асуудал. Боомтуудаа сэргээж авах нь манай эдийн засгийн гол тулгуур нүүрсний экспорттой холбогдоно. Хятадын Гадаад харилцааны сайд ч мөн тантай утсаар холбогдож ярьсан яриандаа энэ асуудлыг чухалчилж байгаагаа хэлж байсан. Энэ тал дээр бодит үр дүн гарах уу? 

-Уул уурхайн бүтээгдэхүүн нь хоёр улсын худалдааны үндсэн хэсгийг бүрдүүлж байгаагийн зэрэгцээ манай улсын төсвийн орлогын 20 гаруй хувийг бүрдүүлж байна. Энэ ч утгаараа уул уурхайн бүтээгдэхүүний экспортыг цаашид тогтвортой нэмэгдүүлэх нь чухал ач холбогдолтой юм. Үүнд нүүрсний экспорт томоохон үүрэг гүйцэтгэж байна. 

2020 оны эхний 6 сарын байдлаар нийт нүүрсний экспортын 87 гаруй хувийг БНХАУ руу гаргажээ.

Мөн төмрийн хүдэр, зэсийн баяжмал 100 хувь БНХАУ-д экспортолсон байна.


Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн энэ оны 2 дугаар сард БНХАУ-д хийсэн айлчлалын хүрээнд хятадын талтай  хоёр улсын аж ахуйн нэгжүүдийг зах зээлийн зарчим болон худалдааны дүрэм, журмын дагуу нүүрс зэрэг уул уурхайн бусад бүтээгдэхүүний худалдааг нэмэгдүүлэх урт хугацааны тогтвортой хамтын ажиллагааг хөгжүүлэхийг харилцан дэмжсэн. 

Энэхүү айлчлалын мөрөөр хоёр талын хамтын хүчин чармайлтын үр дүнд боомтуудын үйл ажиллагаа хэвийн горимд үе шаттайгаар шилжиж, нүүрс болон бусад уул уурхайн бүтээгдэхүүний экспортын тоо хэмжээ нэмэгдэж байна. Энэ оны эхний 6 сарын байдлаар нийт нүүрсний экспортын 87 гаруй хувийг БНХАУ эзэлж нийт 7.1 сая тоннд хүрсэн байна. Мөн төмрийн хүдэр, зэсийн баяжмал 100 хувь БНХАУ-д экспортолсон байна.

Уул уурхайн салбарын хамтын ажиллагааг БНХАУ-тай харилцан уялдаатайгаар, бие биеэ нөхсөн, харилцан ашигтай, урт хугацаанд тогтвортой хөгжүүлэх бодлогыг баримталж байна. Энэ хүрээнд хоёр улсын уул уурхайн бүтээгдэхүүний худалдааны суурийг бэхжүүлэхийн зэрэгцээ худалдааг төрөлжүүлэх, нэр төрлийг нэмэгдүүлэхэд идэвхтэй хамтран ажиллана. 


-Бидний хүсэлтийг хүлээн авч ярилцлага өгсөн Танд баярлалаа


Related news