Афганистанд халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй байна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
khulan@montsame.gov.mn
2022-06-28 12:08:18

КАБУЛ. /NHK/. Афганистанд өнгөрсөн долоо хоногт хүчтэй газар хөдөлсний улмаас амин чухал дэд бүтэц сүйдсэн тул халдварт өвчин дэгдэх эрсдэл нэмэгдэж байгаа талаар НҮБ-ын Хүүхдийн сангийн төлөөлөгч мэдээлжээ. 


Хүүхдийн сангийн Афганистан дахь төлөөлөгч Саманта Морт даваа гарагт “NHK” телевизэд ярилцлага өгөх үеэрээ усаар дамждаг халдварт өвчин дэгдэх эрсдэлтэй байгаад санаа зовниж буйгаа илэрхийлсэн байна.


Түүний хэлснээр, байгалийн гамшигт нэрвэгдсэн бүсүүдэд усан хангамж, ариун цэврийн байгууламжийн систем сүйдсэн бөгөөд цочмог суулгалт, булчин задрах өвчин тархахаас урьдчилан сэргийлэх хүчин чармайлт гаргаж байгаа ажээ.  


Өнгөрсөн лхагва гарагт Афганистаны Хост, Пактика мужид 5.9 магнитудын хүчтэй газар хөдөлсний улмаас 1000 гаруй хүн амиа алдаж, 1600 гаруй хүн бэртэж гэмтсэн гэж орон нутгийн эрх баригчид мэдээлж байгаа юм.


Хүүхдийн сангийн ажилтнуудын Пактикад хийсэн дүрс бичлэгээс үзэхэд оршин суугчид сүйдсэн барилгуудын ойр орчмыг цэвэрлэж, хүүхдүүд майханд бөөгнөрөн сууж, хүмүүс эмнэлгийн үйлчилгээ авч буй нь харагдаж байжээ.


С.Мортын хэлснээр, Хүүхдийн сан гэр бүлийнхээ гишүүдийг алдсан хүүхдүүдэд тусламж үзүүлэхээр сэтгэлзүйч нарыг илгээсэн байна. Тэрбээр мөн байшин барилгуудыг сэргээн барих, хүмүүсийн амьжиргааг нөхөн сэргээхэд дэмжлэг үзүүлэхийг олон улсын хамтын нийгэмлэгт уриалжээ. 

Related news