Хилийн боомтын хэвийн ажиллагааг дэмжих зорилгоор БНХАУ 4 сая юанийн тусламж олгов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2022-05-11 18:31:00

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын хил орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах, хилийн боомтын хэвийн ажиллагааг дэмжих зорилгоор хятадын талаас 4 сая юанийн тусламжийг өнөөдөр хүлээлгэн өглөө.


Монгол Улс, БНХАУ-ын Засгийн газрын Хилийн хамтарсан комиссын механизм, БНХАУ-ын Гадаад хэргийн яамны дэмжлэгээр ӨМӨЗО-ы Бугат, Хөлөнбуйр, Баяннуур хот, Хянган, Шилийн гол аймаг, Эрээн хотоос Монголын Дорнод, Сүхбаатар, Хэнтий, Дорноговь, Өмнөговь аймаг, Замын-Үүд сумын хил орчмын нутаг дэвсгэрт халдвар хамгааллын дэглэмийг чангатгах үүднээс уг тусламжийг олгож буй аж.


Энэ удаагийн тусламжаар амьсгалын аппарат, хамгаалалтын хувцас, PCR шинжилгээний төхөөрөмж, урвалж зэрэг 16 нэр төрлийн эмнэлгийн болон халдвар хамгааллын хэрэгсэл, бараа материалыг хүлээлгэн өгсөн нь тус комиссын шугамаар монголын талд үзүүлсэн 2 дахь удаагийн тусламж юм. Эхний удаад ноднин Эрээн хот болон Ганцмод боомтод 300 мянган юанийн тусламжийг хүлээлгэн өгсөн бөгөөд тэдгээрийг монголын талын хилийн аймгууд, боомтуудад халдвар хамгааллын дэглэмийг сахиулах, боомтын хэвийн ажиллагааг хангахад ашиглаж байна.


Цар тахлын хугацаанд Монгол, Хятадын хилийн хамтарсан комиссын хамтын ажиллагаа эрчимжиж, “Монгол, Хятадын хилийн дэглэмийн гэрээ”-ний хэрэгжилтийг тогтмол хугацаанд хэлэлцэн дүгнэж, улсын хилийн дэглэмийг хүндэтгэн сахиулж, хоёр улсын харилцаа, хил орчмын нутаг дэвсгэрийн тогтвортой байдал, эдийн засгийн хөгжилтийг идэвхтэй урагшлуулж байна.

Related news