“Hyundai” АНУ-д цахилгаан автомашины үйлдвэр байгуулна

ДЭЛХИЙН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
khulan@montsame.gov.mn
2022-05-10 16:56:12

СӨҮЛ. /Yonhap/. БНСУ-ын автомашины хамгийн том үйлдвэрлэгч “Hyundai Motor” компани АНУ-д цахилгаан тээврийн хэрэгслийн шинэ үйлдвэр байгуулахаар төлөвлөж байгаагаа даваа гарагт мэдэгджээ.


Hyundai” уг цахилгаан автомашины үйлдвэрт оруулах хөрөнгө оруулалтын хэмжээ, байршил, шинээр бий болгох ажлын байрны тоо зэргийн талаар дэлгэрэнгүй мэдээлээгүй байна. 


Тус компани АНУ-ын Ерөнхийлөгч Жо Байденыг энэ сарын сүүлээр Сөүл хотноо айлчлах үеэр шинэ үйлдвэрийнхээ хөрөнгө оруулалтын төлөвлөгөөний талаар танилцуулж магадгүй байна.


Өнгөрсөн сард  “Hyundai” Алабама муж улс дахь үйлдвэртээ байгальд ээлтэй тээврийн хэрэгслийг энэ оны сүүлээс үйлдвэрлэж эхлэхэд 300 сая ам.долларын хөрөнгө оруулна гэдгээ мэдэгдсэн юм. 


Тодруулбал, үйлдвэрлэлийн шугамуудыг нь “Santa Fe” автомашины хос хөдөлгүүртэй загвар, “Genesis GV70”-ын бүрэн цахилгаан загварыг 10, 12 дугаар сараас үйлдвэрлэхээр болгон шинэчлэх ажээ.


“Hyundai” нь Солонгост долоо, хилийн чанадад 11 үйлдвэртэйгээс Хятадад дөрөв, АНУ, Чех, Турк, Орос, Энэтхэг, Бразил, Индонезид тус тус нэг үйлдвэр байрладаг бөгөөд нийтдээ 5.65 сая тээврийн хэрэгсэл үйлдвэрлэх хүчин чадалтай байна. 

Related news