Отоглох цэг, замын тэмдэглээг нэг стандарттай болгоно

МОНГОЛЫН МЭДЭЭ | БАЙГАЛЬ ОРЧИН
192@montsame.mn
2022-04-18 10:30:29

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Аялал жуулчлалын улирал эхэлж байна. Ковидын цар тахлын нөхцөлд хамгийн их нэрвэгдсэн тус салбарыг сэргээхээр салбарын яамнаас олон ажил төлөвлөөд байна. Үүний нэг нь аяллын бүсүүдэд отоглох цэг байгуулах, замын тэмдэг, тэмдэглээг нэг стандарын болгох ажил юм. Энэ талаар БОАЖ-ын сайдын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж буй Г.Галбадрахаас тодруулав.

-Дотоодын аялал жуулчлалд замын тэмдэг, тэмдэглээ их чухал байдаг. Үүнийг жигдрүүлэх гэж байна гэсэн. Энэ талаар тодруулна уу?

-БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ анх ажлаа аваад энэ талын төсөл хэрэгжүүлэх саналыг тавьсан. Миний бие АНУ дахь аялал жуулчлалын стандартын талаар “Америк орноор 10 мянган бээр” гэсэн цуврал нэвтрүүлгээр үзүүлж байсан. Энэ талаар Монголд бодит ажил болгох зүйл их байна. Үүнд, жуулчдын отоглох газар байгуулах, бүх үзвэрийг тайлбар бүхий самбартай болгох, орон нутгийн замын тэмдэг, тэмдэглээг жигдрүүлэх гэсэн 3 ажлыг төлөвлөөд байна. Эдгээрийг хийхэд хэдий цаг хугацаа орох ч бид аялал жуулчлалаа хөгжүүлье гэж байгаа бол зайлшгүй хийх ёстой ажлууд юм.

Өнөөдөр хэтрүүлж хэлэхэд манай улсад аялал жуулчлалыг хэн дуртай нь нүхэн жорлонтой, хэдэн ортой нэг гэр бариад аялал жуулчлал хийж байна гэж ойлгоод мөнгөний эх үүсвэр мэтээр харж байна. Ингэж стандартгүй явж болохгүй гэдэг үүднээс юуны өмнө юуг өөрчлөх вэ гэхээр аялагчдын тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамж гэсэн 3 зүйл дээр төвлөрөн ажиллах хэрэгтэй байна.




-Отоглох газар байгуулахад ямар ямар шаардлага тавьж байгаа вэ? Энэ ажил хэзээ хэрэгжиж эхлэх вэ?

-Хамгийн эхэнд бие засах газар нь нүхэн жорлон байж болохгүй гэдгийг юун түрүүнд тавьж байгаа. Хамгийн орчин үеийн бие засах газартай байх ёстой юм. Хоёрт, аялж буй хүн тэнд очоод усанд ордог байх. Энэ үүднээс худгийг нь гаргаад, тэндээ 24 цагийн шүршүүртэй байна. Гуравт нь хогийн менежментээ шийдсэн байх ёстой. Майхантай явж буй хүмүүст аюулгүй байдлыг хангасан, гэр бүл, найз нөхөд, хамт олноороо амар тайван буугаад тэндээ цагийг аятай өнгөрөөж, явган аялал хийх зэрэг боломж нөхцөлийг бүрдүүлсэн бүс байх гэсэн үндсэн шаардлагыг хангуулна.

Уг нь ийм нүүдлийн аялал жуулчлалын стандартын зураглал гарсан, байгаа юм билээ. Гагцхүү хэрэгжүүлээгүй ирж. Тиймээс одоо үүнийг бодит ажил болгох үлдээд байна. Энэ зун эхний ээлжинд 4 аймагт хэрэгжүүлж үзүүлнэ. Бид ажлаа зураг төслөөс эхлүүлсэн. Удахгүй санхүүжилт шийдвэл газар дээр нь хийгээд явна. Гол нь ярихаасаа илүү үзүүлэх нь чухал байгаа.

Хоёрдугаарт, бид аялал жуулчлалаар боловсрол олгоё гэж их ярьж, том юм бодоод байдаг. Гэтэл энэ бол тийм биш юм. Ямар ч байгалийн сайхан газар, түүх дурсгалын газар очиход тухайн газрын талаарх тайлбар бүхий самбартай байхад л хангалттай. Гэтэл бид бүхэл бүтэн барилга барих тухай яриад байдаг. Тиймээс аялал жуулчлалын бүх үзвэрийн дэргэд тайлбартай самбарыг аймгуудын БОАЖГ-ууд хамтраад хийх хэрэгтэй байна. Үүнийг томчуул бид анзаарахгүй байлаа гэхэд хамт яваа хүүхэд залуучууд маань тэдгээрийг харж мэдлэг авах нь чухал байдаг.




Гуравт, та бүхэн явж үзсэн бол Архангай аймагт сумд руу явах замын маршрутыг гаргасан самбар бүхий замын тэмдэг, тэмдэглээг хийсэн байна лээ. Тэрийг л бусад аймаг, орон нутагт хэрэгжүүлж хийх хэрэгтэй байна. Төөрлөө гэхэд аль аймаг, сумын нутагт яваага мэддэг больё. Төөрөхгүй байхын баталгаа, зорьсон газраа шууд очих боломжоор хангах үүднээс замын тэмдэг, тэмдэглээг зайлшгүй хийх шаардлагатай юм.

Жишээ нь, АНУ-д замын тэмдэг, тэмдэглээ 3 янзын өнгөтэй байдаг. Цэнхэр өнгийн дэвсгэртэй байвал тэнд сервис буюу үйлчилгээний газар байна гэсэн үг. Ногоон өнгөтэй байх юм бол тэнд дараа нь хаашаа очихыг заасан гарц байдаг. Бор өнгөтэй байвал тэнд үзэж болох бүх үзэсгэлэнт газар буюу байгалийн паркуудын мэдээлэл байдаг. Үүнийг бид яагаад хийж болохгүй гэж. Тиймээс миний бие энэ салбарын зөвлөхөөр ажиллаж байгаа нөхцөлд өөрийн биеэр үлгэрлээд эдгээр ажлыг эхнээс нь бодит болгоё гэж байгаа.

-Замын тэмдэг тэмдэглээтэй болгох ажлыг юунаас эхлэх гэж байна. ЗТХЯ-тай яаж хамтарч ажиллах гэж байна вэ?

-Эхлээд стандарттай болгох чухал. Үүнээс эхэлнэ. ЗТХЯ замын тэмдэг, тэмдэглээг евро стандартаар хийе гэж байгаа. Бид жишээ нь, замын том үндсэн самбар нь ямар хэмжээтэй, үсэг нь ямар байх, хэр өндөрт байх юм гэдгийг стандартаар тогтоож, жигд болгоно. Бусдаар хэн дуртай нь жижиг, том янз бүрийн самбар дээр юм бичиж босгохыг тэмдэг гэж үзэхгүй. Ингэж бид юмыг бага багаар эхнээсээ хийж олон улсын стандарт руу чиглэж явна. Тиймээс эхний ээлжинд БОАЖЯ отоглох газар ямар байх, ЗТХЯ замын тэмдэг, тэмдэглээ ямар байх стандартыг нь гаргаад загвар зурагтай болно.

Түүнээс хойшхи ажлыг хувийн хэвшил, мэргэжлийн холбоод, орон нутгийнхан өөрдсөө хийгээд бизнес болгоод явах боломжтой. Тэр бүхэнд яамдууд оролцоод байх шаардлагагүй, тендер зарлаад байх ч хэрэггүй болох юм. Гол нь бидний хийх ажил бол хүнээ бодсон, тав тух, аюулгүй байдал, сэтгэл ханамжид тулгуурласан стандарт загварыг бий болгож, баталгааг нь гаргаж өгөх явдал юм.

Аялал жуулчлалын хөгжлийн төв, Аялал жуулчлалын мэргэжлийн холбоо, БОАЖЯ, ЗТХЯ-ынхан энэ дээр сууж хэлэлцээд, стандарт загвараа батлаад, эхний ээлжинд төсвийг хаанаас хэрхэн яаж санхүүжүүлэх талаар ярилцаж аль аль аймагт хэрэгжүүлэхээ шийднэ. Ямар ч байсан энэ онд багтаан эхний загварыг гаргана. Одоо зураг төсөл, техникийн шийдэл дээр явж байна.

Гэрэл зургийг Б.Чадраабал

Related news