“Хөрөнгө оруулалтын хөтөлбөр” хэрэгжүүлэхээ мэдэгдэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын
Худалдааны танхим “Хөрөнгө оруулалтын хөтөлбөр” хэрэгжүүлж эхэлж буйгаа өнөөдөр
мэдэгдлээ. Хөтөлбөрийн хүрээнд:
- Нийслэл Улаанбаатар
хотод тулгамдаж буй
асуудлыг шийдвэрлэхэд чиглэсэн хувийн хэвшлийн санаачилсан төслүүдийн
мэдээллийг хүлээн авах,
- Хүлээн авсан төслүүдийг Монголын ТОП хөрөнгө
оруулагчдаас бүрдсэн зөвлөлд танилцуулан хөрөнгө оруулалт олж авахад нь туслах,
- Шалгарсан төслүүдийг хэрэгжүүлэхэд хотын захиргааны байгууллагуудаас шаардлагатай дэмжлэг авахад нь туслахаа мэдэгдэв.
Ингэхдээ:
- Хотын хог хаягдлын менежментийг сайжруулах,
хаягдал дахин боловсруулах,
- Нийслэл хотын
хүнсний тогтвортой хангамжийг сайжруулах,
- Иргэдийн хүнсний аюулгүй байдлыг хангах, сайжруулах,
хүнсний үйлдвэрлэл, үйлчилгээ, тээвэрлэлтэд эрүүл ахуй, хүнсний аюулгүй байдлын
шаардлага, стандартыг нэвтрүүлж мөрдүүлэх,
- Хотын дэд бүтцийн сүлжээг өргөтгөх, сайжруулахад анхаарч хамтран ажиллахаа илэрхийлэв.
Гурваас дээш жил тогтвортой ажиллаж байгаа, хэрэгжүүлэх төслийнхөө чиглэлээр тодорхой туршлагатай компани, ААН-үүдийг Улаанбаатар хотын Худалдааны танхимд хөрөнгө оруулалт шаардлагатай байгаа төслийнхөө товч танилцуулгыг ирүүлэхийг уриалав.
Тухайн ААН-ийн мэдээллийн нууцлалыг
чандлан хадгалж,
төслийн танилцуулгыг хөрөнгө оруулагч нарт танилцуулах аж. Хөрөнгө оруулагч нартай хамтран
ажилласнаар Монголын шилдэг захирлуудаас суралцан, хамтран ажиллаж, ТОП
компаниудын бизнесийн томоохон сүлжээтэй хамтран бизнесээ өргөжүүлэх бүрэн
боломжтой хэмээн мэдэгдэж
байна.