Хэвтэн эмчлүүлж буй нэн хүнд өвчтөний тоо цөөрчээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭРҮҮЛ МЭНД
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Он гарснаас хойш коронавирусээр халдварласан хүний тоо нэмэгдсэн. Эмнэлэгт хэвтэн эмчлүүлэх хүний тоо ч олширч байгааг НЭМГ-ын дарга Б.Бямбадорж Нийслэлийн удирдах ажилтнуудын шуурхай зөвлөгөөний үеэр дурдав.
Тэрбээр, "Өнгөрсөн баасан гаргаас 1400 ор нэмж дэлгэхээр бэлтгэл ажлыг хангаж, 60 хувийг нь дэлгээд байна. Хэвтэн эмчлүүлж байгаа нэн хүнд өвчтөний тоо цөөрсөн. Он гарснаас хойш 14 мянган хүнээс тандалтын шинжилгээ авсан. Улаанбаатар хотод шинжилгээний зургаан цэг тогтмол ажиллаж байна” гэв.
Он гарснаас хойш 10720 хүнийг дархлаажуулжээ. Дөрөвдүгээр тунд 2367 хүн хамрагдсан байна. Өнөөдөр гэхэд 160 цэгт 161 багийн 754 эмч, ажилтан ажиллаж, 4800 хүнийг дархлаажуулахаар төлөвлөжээ. Хотын дарга эмч, эмнэлгийн ажилтныг хүнд нөхцөлд ажиллаж байгааг онцлоод, эмч, эмнэлгийн ажилтнаа зөв хуваарилж, зохион байгуулж ажиллах хэрэгтэйг дурдлаа.
Нийслэлийн Засаг дарга оны өмнө захирамж гаргаж, 74 үйлчилгээний зөвшөөрлийг цуцалж, төрийн албан хаагчид хандахгүйгээр онлайнаар үйлчилгээ эрхлэх зөвшөөрлөө авах боломжийг бүрдүүлсэн. Энэ хүрээнд www.ulaanbaatar.mn сайтад 7000 гаруй иргэн хандсанаас 200 гаруй иргэн бүртгүүлээд байна. Мөн Хотын дарга Цагаан сарын худалдаа эрхлэх боломжийг иргэдэд бүрдүүлж өгөхийг холбогдох албаныханд даалгалаа.
Related news

