Үндэсний үйлдвэрлэгчид төмөр замд 845.1 мянган бетон дэр нийлүүлжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын нийгэм, эдийн засгийн хөгжилд бодитой хувь нэмрээ оруулж буй оны Онцлох ААН, байгууллага, бизнес эрхлэгчдийг шалгаруулан өргөмжилдөг "Entrepreneur-2021" ёслол шинэ оны босгон дээр 24 дэх жилдээ болсон билээ.
Энэхүү ёслолын үеэр “Ган хийц” компани Үндэсний шилдэг үйлдвэрлэгчээр тодорсон бол ТББ-уудаас Монголын Барилгын Үндэсний ассоциац ТББ оны онцлох “Сайн засаглал”-ыг хэрэгжүүлэгч энтрепренерийн шагналыг авсан юм.
Шагнал гардуулах ёслолын үеэр “Ган хийц” компанийн ТУЗ-ийн дарга М.Даваасүрэн, 2019 оноос эхлэн манай компани Тавантолгой-Зүүнбаян чиглэлийн гол төмөр замын чухал шаардлагатай бетон дэрийг үйлдвэрлэж эхэлсэн. Энд Улаанбаатар хотын 3 компани, Дорнод аймгийн 1 компанитай нийлэн консерциум хэлбэрээр монголчууд бид үндэсний бүтээн байгуулалтад оролцон төмөр замын бетон дэр хийж чаддагаа харуулж байгаа. Гадаадаас төмөр замын чанарын шаардлага хангахгүй, энд тэндэхийн дэр бетон оруулж ирдэг байдлыг Монголын үндэсний үйлдвэрүүд санаа нийлэн нэгдэн халж байна.
Ингэхдээ Европын номер нэг стандартыг эх орондоо нэвтрүүлж байна. Тасралтгүй нэг жил 6 сар ажилласны хүчинд 845.1 мянган ширхэг бетон дэр үйлдвэрлэж төмөр замд нийлүүлээд байна. Мөн зүүн бүсийн босоо тэнхлэгийн, Баянтүмэнээс хойшоо ОХУ-ын хил хүртэлх төмөр замыг дэр бетоноор хангаж байна гэв.
Монголын Барилгын Үндэсний ассоциац ТББ-ын гүйцэтгэх захирал Л.Хулан, манай байгууллага барилгын салбарын ААН-үүдийг нэгтгэн дуу хоолой болох зорилгоор 2009 онд байгуулагдсан. 2018 оноос эхлэн төрийн зарим чиг үүргийг ТББ-аар гүйцэтгүүлэх хүрээнд барилгын үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийг олгох урьдчилсан процессыг хийж ирсэн. Өнгөрсөн онд барилгын тусгай үйлчилгээг бүрэн цахимжуулснаар цаасгүй орчинг бий болгож, хүний оролцоо багасаж, ил тод, нээлттэй, цахим орчныг бүрдүүлсэн. Ингэснээр ААН, төрийн захиргааны байгууллагын зардал буурах, гэрчилгээг шууд авах болсон. Энэ нь төр-хувийн хэвшил хамтран ажиллаж буйн нэг тод жишээ юм.
Европын холбооноос санхүүжилт авч “Дулааны шийдэл”
төслийг нийгмийн хариуцлагын хүрээнд агаарын бохирдлыг багасгах, ажилгүйдлийг
бууруулахад өөрийн хувь нэмрээ оруулах үүднээс хэрэгжүүлж ирсэн. Энд иргэд
болон мэргэжлийн байгууллагын ажилтнуудыг чадавхжуулах үүднээс дулааны
шийдлийг хэрэгжүүлэх хүрээнд гэр хорооллын айл өрхийн орон сууцыг дулаан болгох,
технологийн сургалтад хамруулж байгаа. Төслийг 4 жил хэрэгжүүлж дууссан. Уг
төслийн үнэлгээгээр бид Азид шалгарсан. Үүндээ урамшаад хоёр дахь шатны төслийг
2022-2026 онд хэрэгжүүлэх саналыг Европын холбоонд явуулахад дахиад 4 жил
хэрэгжүүлэх хариуг аваад баяртай байна.
Гадаад дахь хамтын ажиллагааны бас нэг жишээ нь, манайх
барилгын томоохон компаниудыг нэгтгэсэн Ази, Номхон далайн бүсийн олон улсын
гэрээлэгчдийн нийгэмлэгт 2015 онд элсэн орж, 2018 онд Удирдах зөвлөлийн гишүүн
болсноор өөрийн гэсэн дуу хоолойгоо олон улсад өргөн ажиллаж байна. Ассоциац энэ
онд стратеги төлөвлөгөөгөө 3 удаагаа хийж, 2022-2024 онд “Ногоон барилга”-ын
концепцийг Монголд нэвтрүүлж нутагшуулах зорилготой ажиллаж байна. Ногоон
барилгыг хэрэгжүүлснээр хүнд ээлтэй, эрүүл мэндэд тустай, ногоон барилгын
материалын үйлдвэрийг бий болгох, түүнчлэн барилгуудыг ногоон шошгожуулах
ажлыг дэс дараатай хийж гүйцэтгэнэ.
Герман улсын олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг GIZ-ийн барилгын салбарын
төсөлтэй хамтран
“Ажлын байрны цахим систем”-ийг бий болгож нийтэд хүртээл болгохоор ажиллаж
байна. Энэ нь ажил олгогч болон ажилчин, туслан гүйцэтгэгч компани, бригад,
хувь хүмүүс, захиалагч хөрөнгө оруулагч нарыг дундын аль нэг зуучлагчгүйгээр
цахимаар холбох ажлыг хийж байна гэв.
Гэрэл зургийг Б.Чадраабал