МИАТ 18 чиглэлд, 800 удаагийн нислэгээр 16 мянган тонн ачаа тээвэрлэжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-12-31 17:13:33

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ЗТХЯ-наас иргэний нисэхийн салбар өнгөрсөн онд хийж гүйцэтгэсэн ажлыг танилцуулав. Үүнд, манай улс “Чингис хаан олон улсын нисэх буудлыг энэ оны 7 дугаар сард  ашиглалтад оруулав. Жилдээ 3 сая зорчигч хүлээн авах хүчин чадал бүхий зорчигч үйлчилгээний барилга, 24 агаарын хөлөг зогсох талбай, 8.000 тонн багтаамж бүхий шатахууны агуулах, жилд 11.9 мянган тонн карго ачаа нэвтрүүлэх хүчин чадал бүхий карго терминалтай олон улсын стандартад нийцсэн онгоцны буудалтай болов.  




Монголын иргэний агаарын тээвэрлэгч МИАТ компани Монгол Улсын Засгийн газрын захиалгаар 41 удаагийн нислэг үйлдэж 8.6 сая тун вакцин тээвэрлэн авчирлаа. Мөн гадаадын зарим компанийн захиалгаар МИАТ компани Ази, Европын хооронд эм, эмнэлгийн тусламжийн барааг тээвэрлэх транзит нислэгийг олон улсын 18 чиглэлд, 800 удаа үйлдэж, нийт 16 мянган тонн ачаа тээвэрлэжээ.




УИХ-ын 2021 оны намрын ээлжит чуулганы 12 дугаар сарын 30-ны нэгдсэн хуралдаанаар НӨАТ-ын тухай болон Гаалийн тариф, гаалийн татварын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн эцсийн хэлэлцүүлгийг хийж баталлаа. Хуулиудыг баталснаар иргэний агаарын хөлөг, түүний сэлбэг хэрэгслийг гаалийн болон НӨАТ-аас чөлөөлөх зохицуулалт бүрдэж, иргэний агаарын ачаа тээвэр, хөдөө аж ахуй, түргэн тусламж, сургалтын гээд иргэний зориулалтаар ашиглах бүх төрлийн агаарын хөлгийн ашиглалтыг нэмэгдүүлэх татварын таатай орчин бүрдүүлэх боломжтой болжээ.


 

Related news