Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгчөөр А.Ганхуягийг томилов

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-11-24 12:59:16

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Улаанбаатар хотын Худалдааны танхимын ерөнхийлөгчөөр “Премиум Групп” ХХК-ийн үүсгэн байгуулагч А.Ганхуягийг томиллоо. А.Ганхуяг нь “Премиум Групп” болон “Сэнтрал Экспресс Си Ви Эс” ХХК-ийн ТУЗ-ийн дарга бөгөөд сүүлийн 20 гаруй жил Монголын нэр нөлөө бүхий томоохон компаниуд болох “М-Си-Эс” группийн тэргүүн дэд ерөнхийлөгч, “М-Си-Эс Холдинг” ХХК-ийн гүйцэтгэх захирал,” М-Си-Эс Кока-Кола” болон “Юнител” ХХК-ийн ТУЗ-ийн дарга, “Монголиан Майнинг” Корпорацын (HKEX: 975)-ийн ТУЗ-ийн гишүүн, Санхүү эрхэлсэн дэд ерөнхийлөгчөөр ажиллаж ирсэн туршлагатай юм.

Тэрээр дээрх компаниудын үйл ажиллагааг олон улсын түвшинд хүргэх, таниулахад үнэтэй хувь нэмэр оруулж, эрчим хүч, уул уурхай, хөнгөн үйлдвэр, дэд бүтэц, барилга, худалдааны салбарт томоохон хэмжээний гадаадын хөрөнгө оруулалт татах ажлыг амжилттай удирдан зохион байгуулсан бизнесийн салбарын шилдэг төлөөлөл юм.



Улаанбаатар хотын Худалдааны танхим нь 2015 онд 4 дүгээр сард байгуулагдаж бизнес хөрөнгө оруулалтын таатай орчинг бүрдүүлэн олон улсын хамтын ажиллагааг хөгжүүлж, хувийн хэвшлийг дэмжих замаар тогтвортой хөгжилд хүргэхийг эрхэм зорилгоо болгон ажиллаж байна. Тус танхимын Удирдах зөвлөлийн гишүүнд Монголын шилдэг компаниуд багтдаг бөгөөд хоёр жилд нэг удаа Удирдах зөвлөлийн шийдвэрээр ерөнхийлөгчөө томилдог. Тус танхимын ерөнхийлөгчөөр нь"М-Си-Эс Групп"-ийн ерөнхийлөгч Ж.Од, "Петровис" ХХК-ийн ТУЗ-ийн дарга агсан Ж.Оюунгэрэл, "Ард Санхүүгийн Нэгдэл" ХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг нар ажиллаж ирсэн юм. 

Related news