Тендерийг хамгийн бага үнээр шалгаруулдаг тогтолцоог эргэн харах санал тавив

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
192@montsame.mn
2021-10-29 15:23:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Төрийн хөрөнгө оруулалтыг хугацаанд нь хийдэггүйгээс шалтгаалж төрийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах ААН-үүд тодорхой хэмжээний хохирол амсаж байна. Ийм нөхцөлд талууд эрх, үүргээ тэнцүү хуваан төр хариуцлага хүлээх зохицуулалтын талаар Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд оруулах саналыг бизнес эрхлэгчид гаргаж байна.




Уг хуулийн төслийн хэлэлцүүлгийг Сангийн яам МҮХАҮТ-тай хамтран зохион байгуулсан юм. Хэлэлцүүлэгт Сангийн дэд сайд С.Мөнгөнчимэг тэргүүтэй албаны хүмүүс, тендерт оролцогч ААН-үүдийн төлөөлөл оролцлоо.

Хэлэлцүүлэгт оролцогчид төрийн хөрөнгөөр бараа, үйлчилгээ худалдан авах гүйцэтгэлийн баталгааг аралжааны банканд ямар ч хүүгүйгээр байршуулдаг ч төслөө хэрэгжүүлэхээр банкнаас хүүтэй зээл авдаг жишгийг өөрчлөх, бага үнийн саналаар тендерт шалгаруулдаг тогтолцоог эргэж харах шаардлагатайг хэлж байлаа.

Бизнесийн орчны судалгаагаар тендерийг сонгон шалгаруулахдаа чанар биш үнийн дүнг харгалздаг нийтлэг байдлыг өөрчлөх хэрэгтэйг бизнес эрхлэгчид илэрхийлж ирснийг МҮХАҮТ-ын ерөнхийлөгч О.Амартүвшин хэлж байв.




Судалгаагаар төрийн худалдан авах ажиллагаа буюу тендерийн ил тод байдал болон төрийн худалдан авалтад оролцох боломж, шударга байдал үзүүлэлтүүд дунджаас доогуур үзүүлэлттэй гарчээ. Бизнес эрхлэгчид Тендерийн хууль эрх зүйн орчныг хангалтгүй гэж дүгнээд, ихэнх нь хууль эрх зүйн орчныг зөв болгох шаардлагатайг дурдаж байв. Одоогийн хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тендерийг шалгаруулахдаа:

  • технологийн дэвшилд тулгуурлан хүний оролцоог бууруулах,
  • худалдан авах ажиллагааг төлөвлөх шатнаас эхлэн гэрээ байгуулах,
  • гэрээний гүйцэтгэлийг хянах хүртэл шатыг цахим системээр зохион байгуулах,
  • ил тод, нээлттэй байдлыг нэмэгдүүлж, авлига, ашиг сонирхлын зөрчлөөс ангид байх,
  • дотоодын үйлдвэрлэл, аж ахуй эрхлэгчдийг дэмжих,
  • худалдан авах ажиллагаанд оролцогч болон шийдвэр гаргах этгээдийн хариуцлагыг дээшлүүлэх чиглэлээр холбогдох өөрчлөлтийг тусгажээ.

Энэ талаар Сангийн яамны Хууль, эрх зүйн газрын Худалдан авах ажиллагааны бодлогын хэлтсийн дарга Ц.Батзул танилцуулав.


Related news