Халдварын дараах хэт их ачаалалтай дасгал уушгинд сөрөг нөлөөтэй

Монголын мэдээ | Эрүүл мэнд
bolor@montsame.mn
2021-09-28 09:19:06

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Коронавируст халдвараар өвчилсөн иргэдийн хувьд сэргээн засах үйлчилгээг яаж авах, хэрхэн хэвийн амьдралдаа орох вэ хэмээдэг. Энэ талаар Нийслэлийн Эрүүл мэндийн газрын уламжлалт анагаах ухаан, сэргээн засах, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн асуудал хариуцсан мэргэжилтэн Д.Цэнджав дараах зөвлөгөөг өгч байна.


Тэрбээр, “Коронавируст халдвараар өвчлөөд эдгэрсэн иргэд эрүүл мэндийн байгууллагад үзүүлээд тохирсон сэргээн засах эмчилгээ хийлгэж байгаа. Иргэд өөрсдөө, сайн дураараа сэргээн засах эмчилгээг гэрээрээ хийх нь бий. Ингэхдээ зарим иргэн, тэр дундаа залуучууд алдаа гаргаж, биедээ хэт их ачаалал өгч байна. Эдгэрээд удаагүй байхдаа спортын хурд, хүч шаардсан дасгал, багийн тоглоом тоглож биед ачаалал өгч болохгүйг тодотгоё.

Халдварын улмаас өвдөж эдгэрсний дараа дасгал хөдөлгөөнийг бага эрчимтэй хийх учиртай. Хурд хүчээ аажмаар нэмэгдүүлээгүйгээс, урьдын адил хэт ачаалалтай дасгал хийснээс болж уушги хэтэрхий ачаалж, эргэн сэргэж буй уушгинд сөргөөр нөлөөлж, мэдрэл сульдлын хам шинж даамжирч байгааг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын судлаачид онцгойлон тэмдэглэсэн. Иймд иргэд  коронавируст халдвараар өвчлөөд эдгэрснийхээ дараа эрүүл мэндийн байгууллагын зөвлөгөөг дагаж, дасгал хөдөлгөөний эрчмээ тохируулахыг сануулж байна” гэв.

Related news