“Хорийн бүлэг” олон улсын тусламжийг хүлээн авч, терроризмтой тэмцэхийг “Талибан”-д уриалжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-09-23 17:47:08

ВАШИНГТОН. /Kyodo/. “Хорийн бүлэг”-ийн орнуудын Гадаад хэргийн сайд нар олон улсын хүмүүнлэгийн тусламжийг хүлээн авч, терроризмтой тэмцэх арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэхийг Афганистаны засгийн эрхийг өнгөрсөн сард авсан “Талибан” хөдөлгөөнд уриалжээ.


Энэ онд “Хорийн бүлэг”-ийг даргалж буй Итали улсын зохион байгуулсан цахим уулзалтын үеэр дайны хөлд нэрвэгдсэн эх орноо орхин явах хүсэлтэй иргэдийг аюулгүй нүүлгэн шилжүүлэх тэргүүтэй Афганистанд нүүрлээд буй асуудлуудыг зохицуулахад хамтын хүчин чармайлт өндөр ач холбогдолтой болохыг онцлон тэмдэглэсэн байна. 


“Олон улсын хамтын нийгэмлэг “Талибан” хөдөлгөөнийг үүрэг амлалтаа биелүүлэхийг хүлээж байна” гэж АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга Энтони Блинкен “Twitter” хуудсандаа нийтэлжээ.


НҮБ тэргүүтэй олон улсын байгууллагуудын хувьд Афганистанд хүнс хомсдож, үндсэн хэрэгцээгээ хангахад хүндрэл учраад буйг анхааруулж байгаагаас гадна хүний эрх, тэр дундаа эмэгтэйчүүд, хүүхдүүдийн эрх зөрчигдөж болзошгүй гэдэгт эмээж буйгаа илэрхийлж байгаа юм. 


“Хорийн бүлэг”-ийн уулзалтад АНУ-ын Нью-Йорк хотоос оролцсон Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү энэ тухайд, дэлхий нийт улс төр, эмэгтэйчүүдийн эрхтэй холбоотой асуудалд үндэсний цөөнх, өөр шашинтнуудын дуу хоолойг хүндэтгэн сонсохыг “Талибан”-д уриалах хэрэгтэй гэв.


Мөн Япон улс Афганистан болон тус улстай зэргэлдээ оршдог орнуудад энэ оны эцэс гэхэд 200 сая ам.долларын тусламж санал болгохоор төлөвлөж буйг батлан мэдэгдсэнийг Японы Гадаад хэргийн яам уламжилжээ.


Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкарын хувьд, “Талибан” террористуудыг хорогдох байраар дахин хангахгүй байх амлалтаа биелүүлэх хэрэгтэй гэж мэдэгдсэн бол БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И Афганистаны эсрэг авсан "нэг талыг баримталсан" хориг арга хэмжээнүүдийг цуцлахыг уриалсан байна.


Италийн Засгийн газар “Хорийн бүлэг”-ийн яаралтай дээд хэмжээний уулзалтыг НҮБ-ын Ерөнхий Ассамблейн чуулганд үг хэлэх ажиллагаа ирэх долоо хоногт дууссаны дараа зохион байгуулахаар төлөвлөж байгаа талаар уг мэдээлэлд ойр эх сурвалжууд мэдээлжээ.


“Хорийн бүлэг” нь Аргентин, Австрали, Бразил, Их Британи, Канад, БНХАУ, Франц, Герман, Энэтхэг, Индонез, Итали, Япон, Мексик, ОХУ, Саудын Араб, Өмнөд Африк, БНСУ, Турк, АНУ, Европын Холбооноос бүрддэг билээ. 

Related news