БНХАУ-ын зүүн нутагт “Дельта” хувилбар тархсаны улмаас сургуулиудын сургалтыг зогсоожээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙТЛЭЛ
khulan@montsame.gov.mn
2021-09-15 18:05:47

БЭЭЖИН. /SCMP/. БНХАУ-ын зүүн өмнөд нутгийн Фужянь мужид коронавирусний “Дельта” хувилбар эрчимтэй тархах болсонтой холбогдуулан эрх баригчид олон нийтийг хамарсан шинжилгээ хийхийн тулд хөл хөдөлгөөнийг хязгаарлаж, сургуулиудын сургалтыг түр хугацаагаар зогсоогоод байна.


Хөрш зэргэлдээ оршдог Гуандун мужийн Жухай, Шэньжэнь, Гуанжоу хотын нисэх буудлуудын хувьд Фужяниас ирэх зорчигчдыг 48 цагийн дотор коронавирусний шинжилгээ өгсөн эсэхийг нь үл харгалзан нисэх онгоцноос буусных нь дараа шинжилгээнд хамруулна гэдгээ мэдэгджээ.


Мөн ирэх сард болох Хятадын Импорт, экспортын үзэсгэлэн /Кантон/ 20 хоног үргэлжлэх байсныг цар тахлаас урьдчилан сэргийлэх хязгаарлалтуудыг харгалзан таван хоног болгон бууруулахаар шийдвэрлээд байна. Энэхүү үзэсгэлэнг цар тахал дэгдсэнээс хойш анх удаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.


Үүнээс гадна хойд нутгийн Тяньжинь хот ирэх нэгдүгээр сард Уран гулгалтын дөрвөн тивийн аварга шалгаруулах тэмцээнийг зохион байгуулахаас татгалзаж буйгаа мэдэгдсэнийг Олон улсын уран гулгалтын холбоо /ISU/ энэ долоо хоногийн даваа гарагт уламжлаад байна.


Фужянь мужийн хувьд эхлээд Путянь хотод дараа нь Чуаньжоу, Сямэньд голомтлон тархсан тохиолдлууд бүртгэгдсэнтэй холбоотойгоор мужийн оршин суугчдыг шинжилгээнд хамруулсан бөгөөд зургаан хоногийн дотор 135 тохиолдол илэрчээ. Түүнээс даваа гарагт 60 тохиолдол илэрсний 25 нь Путяньд, 32 нь Сямэньд, гурав нь Чуаньжоуд бүртгэгджээ.


Фужянийн Коммунист намын нарийн бичгийн дарга Инь Ли өнгөрсөн долоо хоногт мэдэгдэхдээ, муж “COVID-19”-өөс бүрэн ангижрахын тулд түргэн шуурхай ажиллах хэрэгтэй гэдгийг онцлон тэмдэглэсэн байна. Тэрбээр өмнө нь Эрүүл мэндийн дэд сайдын албан тушаалыг хашиж байжээ.


Хятад улс “COVID-19”-ийн тархалттай тэмцэхдээ богино хугацаанд, өргөн хүрээг хамруулсан шинжилгээ хийж, ойрын хавьтлуудыг шуурхай илрүүлж, тусгаарлалтын хатуу дүрэм журмыг баримталж буйн дүнд халдварын 30 гаруй тархалтыг амжилттай хяналтад аваад байгаа юм. Түүнээс хоёр нь “Дельта” хувилбарынх байв.


Ланьжоугийн их сургуулийн Агаар мандлын шинжлэх ухааны коллежийн профессор Хуан Жяньпинээр ахлуулсан судлаачдын багийн бүтээсэн “COVID-19”-ийн тархалтыг урьдчилан таамаглах системийн тооцоолсноор, хязгаарлалтын хатуу арга хэмжээнүүдийг үргэлжлүүлэн мөрдвөл Фужяньд дэгдсэн тархалт есдүгээр сарын 26 гэхэд хумигдах бөгөөд ойролцоогоор 268 хүн халдвар авах магадлалтай байна.


Харин эрсдэл багатай бүсэд хязгаарлалтыг сулруулах юм уу нуугдмал тохиолдлуудыг цаг тухайд нь илрүүлж чадахгүй бол ойролцоогоор 529 хүн халдвар авч, тархалт ирэх 10 дугаар сарын 4-нөөс нааш хумигдахгүй байж болзошгүй байна.




Тяньжинийн “Nankai” их сургуулийн тархвар судлаач Хуан Сэньжун “People’s Daily” сонины харьяа “Health Times” сонинд өгсөн ярилцлагадаа, халдвар цаашид тархах төлөвтэй байгаа бөгөөд энэ долоо хоногоос бусад хотуудад холбоотой тохиолдлууд илэрч магадгүй гэв. Түүний тооцоолж буйгаар, тархалт дөрвөн долоо хоногийн дотор хумигдаж, 500 хүнээс халдвар илрэх магадлалтай байна.


Даваа гаргийн орой Сямэнь хотын зарим дүүргийн оршин суугчдад ойролцоох бүсээсээ гарахгүй байх шаардлага тавьж, бүх энтертайнмент төвийн үйл ажиллагааг түр зогсоожээ. Тийнхүү мягмар гаргаас Сямэнийн 5.6 сая оршин суугчийг шинжилгээнд хамруулж эхэлсэн бөгөөд өдөрт нийт оршин суугчийн тавны нэгд шинжилгээ хийхийг зорьж байна гэж хотын дэд захирагч Ляо Хуашэн мэдэгджээ.


Мөн ирэх долоо хоногийн намрын дунд сарын баярын үеэр зохион байгуулах аливаа үйл ажиллагааг цуцалж, олноор цугларахыг хоригложээ. Үүний зэрэгцээ хуримын ёслолыг хойшлуулах, оршуулгын ёслолыг “цомхон хүрээнд” зохион байгуулах шаардлагатай болсон бол цэцэрлэгээс эхлээд их сургууль хүртэлх бүх шатны сургуулийн сургалтыг цахим хэлбэрт шилжүүлэх чиглэл өгсөн гэж хотын засаг захиргаанаас мэдээлжээ.


Путянь хотод ч мөн олон нийтийг шинжилгээнд хамруулж эхлээд байгаа бөгөөд тус хотод илэрсэн халдварын тохиолдлуудын хувьд бүгд Шянью тойрогт бүртгэгджээ. Тийнхүү Шаньюд илэрсэн 85 тохиолдлын 28 нь бага сургуулийн сурагч, найм нь цэцэрлэгийн хүүхдүүд байна.


Шаньюгийн нэгэн бага сургууль хичээлийн жилийн намрын улирал эхлэхээс өмнө зарим сурагчийг шинжилгээнд хамруулахад хоёр хүүхдийн хариу эерэг гарсан тул халдвар хэдэн өдрийн өмнөөс олон нийтийн дунд нуугдмал байдлаар тархаж байсан бололтой байна.


Эдгээр тохиолдлыг нарийвчлан судлахад хүүхдүүдийн аав наймдугаар сарын 4-нд Сингапураас ирж, 21 хоног тусгаарлагдаж, долоо хоног гэрийн ажиглалтад байжээ. Түүний шинжилгээний хариу баасан гарагт эерэг гарсан байна. Тийнхүү 36 хүүхэд халдвар авсан байсан бол эрэгтэйн эхнэрийн ажилладаг гутлын үйлдвэрт мөн халдвар тархжээ.


CCTV” телевизэд Шянью тойргийн дарга У Хайруйгийн мэдээлснээр, халдвар илэрсэн хүмүүсийн нэгдүгээр хавьтал болох 1500 хүнийг, хоёрдугаар хавьтлын 1600 хүнийг тусгаарласны дунд сургуулийн хүүхдүүд ч мөн багтаж байгаа ажээ. Тэрбээр үргэлжлүүлэн, "Халдвар хурдацтай тархсанаас гадна олон хүүхдээс вирус илэрсэн тул нөхцөл байдал хүнд байна. Гэвч бид халдварын гинжин хэлхээг тасалсан гэдэгтээ итгэлтэй байна" гэжээ.


Тусгаарлагдаж буй хүүхдүүдэд тав тухтай нөхцөлийг бүрдүүлэхийн тулд нэг өрөөнд хоёр хүүхдийг тусгаарлаж, ном, зураг өгснөөс гадна эцэг эхийг нь хажуугийн өрөөнд байрлуулсан тул хоорондоо ярилцах боломжтой гэдгийг тойргийн дарга нэмж хэлжээ. Түүний үзэж буйгаар, тойргийн оршин суугчид вакцинжуулалтад сайн хамрагдаагүй байсан бол нөхцөл байдал “улам хүндэрч болзошгүй” байжээ. Тодруулбал, насанд хүрэгчдийн 92 хувь нь вакцины дор хаяж нэг тунг хийлгээд байгаа бол 12-18 насны хүүхдүүд бүгд вакцинд хамрагдсан байна.


Эрүүл мэндийн үндэсний хорооноос илгээсэн мэргэжилтнүүд халдварын тархалтын нөхцөл байдлын талаарх эхний үнэлгээг хийхийн тулд хотод гурван үе шатны шинжилгээ хийх хэрэгтэй хэмээн үзэж буйг У Хайруй мөн уламжилжээ. Өнгөрсөн долоо хоногт Фужянийн Боловсролын газар коронавирусний шинжилгээг ням гараг гэхэд дуусгахыг мужийн бүх сургуульд үүрэг болгосон байна. 

Related news