Монгол, Японы цахим форум хүнсний салбарын бизнес эрхлэгчдийн дунд өрнөв

МОНГОЛЫН МЭДЭЭ | ЭДИЙН ЗАСАГ
dusem11@yahoo.com
2021-06-29 08:51:18

Улаанбаатар /МОНЦАМЭ/. “Монгол, Японы Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр /ЭЗТХ/-ийн 5 жилийн ойн  цахим форум, үзэсгэлэн 2021” үйл ажиллагаа 6 дугаар сарын 25-наас 7 дугаар сарын 5-ны өдрүүдэд www.ExportMongolia.org талбарт болж байна.

 

Цахим форум, үзэсгэлэнгийн үйл ажиллагаа даваа гарагт “Монголын хүнсний салбарын бизнес эрхлэгчид, Японы бизнес эрхлэгчидтэй уулзах цахим уулзалт”-аар үргэлжилсэн байна.

 

Тус үзэсгэлэн болон цахим уулзалтыг зохион байгуулагчдын нэг “Экспорт Олон улсын худалдааны төв” ТББ-ын гүйцэтгэх захирал Д.Оюунбилэг  энэ өдрийн үйл ажиллагааг нээж хэлсэн үгэндээ: "Цар тахлын улмаас бизнес түншлэл хаалттай байгаа цаг үед Монголын хүнсний салбарынхантай танилцахаар энэхүү цахим талбарт цугласанд баярлалаа" гэдгээ илэрхийлээд, “Монгол, Японы бизнес эрхлэгчид хамтран олон улсын зах зээлд бараа, бүтээгдэхүүнээ гаргах бүрэн боломж байгаа. Энэхүү цахим уулзалт хоёр улсын бизнес эрхлэгчдэд хамтын ажиллагааны боломж, үүдийг нээнэ гэж итгэж байна” гэж онцолсон юм.

 

Мөн энэ өдөр “Чацарганы кластер - Монголын жимс жимсгэний үндэсний холбоо”-ны УЗ-ийн гишүүн, зөвлөх, доктор, профессор Х.Цэвэлмаа “Монгол-Японы хүнсний салбарын бизнесийн хамтын ажиллагааны боломж, сайн туршлага” сэдвээр илтгэл танилцууллаа.

 

Түүний илтгэлээс тодотговол, “Чацарганы кластер их өвөрцөц, өрхүүдтэй ч, ЖДҮ-тэй ч, том компаниудтай ч хамтран ажилладаг хэмээн онцолсон. Бид шинэ хэрэглэгчдэд, шинэ бүтээгдэхүүн хүргэхэд хамтын хүчин зүтгэл чухал гэдгийг ойлгосон учраас кластерын хэлбэрийг сонгосон. Монголд бизнес эрхлэхэд зардал өндөр, зардлыг бууруулахад хамтын хүчин зүтгэл чухал. 2015 оноос ХХААХҮЯ-ны дэмжлэгтэй байгуулагдаж, 2018 оноос ТРАМ төслийн дэмжлэгтэй үйл ажиллагаа идэвхэжсэн. Аж үйлдвэрийн зохистой дадал, компаниудын түвшин, стандарт улам ахиж байгаа. Компаниуд өндөр соёлыг нутагшуулж, илүү өндөр хэрэглээний түвшинд хүрэхээр ажиллаж байна. Хүртээмжтэй өсөлтөд голлон анхаардаг. Гадаад зах зээл, тэр дундаа Японы зах зээлд эрүүл мэндийн бүтээгдэхүүнээ танилцуулахаар ажиллаж байна” гэлээ.

Related news