ЭЕШ-ын математикийн шалгалт хэвийн явагдсан гэв
МОНГОЛЫН МЭДЭЭ | БОЛОВСРОЛ2016 оны ЭЕШ-ын хариу задарсан гэх гомдлыг цагдаагийн байгууллагаас шалгасан талаар Улаанбаатар хотын цагдаагийн газар болон Боловсролын үнэлгээний төв хамтран өнөөдөр мэдээлэл хийв.
ЦЕГ-ын Хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Баатархүү “Цагдаагийн байгууллагад ЭЕШ-ын нийгэм, математикийн шалгалтын материал задарсан гэх гомдол ирсний дагуу шалгахад урьдчилсан байдлаар дараах хариу гарсан. ЕБС-ийг энэ жил төгсөгч нэгэн энэ сарын 16,17-нд олон нийтийн сүлжээгээр ЭЕШ-ын математик, нийгмийн шалгалтын хариуг дөрвөн хүнд худалдсаныг тогтоосон. Энэ мэдээллийг худалдсан "Э" гэгч нь тухайн материалыг "З" гэгчээс худалдаж авсныг шалгаж байна. Шалгалтын материал задарсан хэрэгт хувийн их дээд сургуулийн эдийн засгийн онолын багш ажилтай 52 настай "Д"-гэгч холбогдож байгаа. Тэрбээр ЕБС төгсөгчдөд хувиараа ЭЕШ-ын давтлага өгдөг бөгөөд тухайн сурагчид “ЭЕШ-д ирж болзошгүй тест” хэмээн магадлалын онолоор материал худалдсан болохыг урьдчилсан байдлаар тогтоосон. Энэ хүн ЭЕШ-ын комисст байдаггүй" гэв.
Боловсролын үнэлгээний төв/БҮТ/-ийн хэлтсийн дарга Л.Ганбат: 2016 оны ЭЕШ-ыг энэ сарын 15-19-нд зохион байгуулж дууслаа. Дүн гарах ажил хэвийн үргэлжилж байна. БҮТ-өөс математикийн хичээлээр шалгалт өгсөн шалгуулагчдын үр дүнг олон улсад ашигладаг нарийвчилсан шинжилгээгээр тогтоосон. Үүгээр шалгахад 2016 оны ЭЕШ-ын математикийн хичээлийн шалгалт нь хэвийн явагдсан гэх дүгнэлтэд хүрсэн. Шалгалтын эцсийн хариуг өнөөдөр мэдээлэх боломжгүй бөгөөд ирэх сарын 1-нд онлайнаар олон нийтэд нээлттэй зарлана.
Мэдээллийн төгсгөлд БҮТ-өөс шалгалтын явцад, хууль хяналтын байгууллагаар тогтоогоогүй материал ашиглаж иргэдэд буруу ташаа мэдээллийг санаатай, санамсаргүй тараасан хүмүүсийг зохих байгууллагад шалгуулах албан ёсны хүсэлт гаргана гэдгээ мэдэгдлээ.
Ж.Болор
Гэрэл зургийг Н.Батбаяр