Маршалын хөшөө бэлэн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДОРНОД
erdenechimeg@montsame.mn
2016-06-20 21:53:15

Монгол Улсын хошой баатар, бүх цэргийн жанжин, маршал Х.Чойбалсангийн мэндэлсний 120 ойд зориулан Дорнодчууд өөрсдийн хандиваар бүтээсэн хөшөө аймгийн төвд сүндэрлэлээ.

Хөшөөний нээлт удахгүй болох юм. Хөшөөг “Тал нутгийн хөгжлийн төв” ТББ санаачлан өнгөрөгч жил аймгийн ИТХ-д өргөн барьж тогтоолоор батлуулсан билээ. Дорнодчууд энэ ажилд эрвийх дэрвийхээрээ дэмжиж зуу гаруй сая төгрөгийн өртөөр ийнхүү бүтээлгэжээ. Хөшөөг Монголын Урчуудын эвлэлийн шагналт Дорнод нутгийн унаган хүү уран барималч н.Гантөмөр эх загвараас нь эхлэн бүрэн бүтээжээ.

Хөшөөний нийт өндөр суурьтайгаа 6 метр, суурийн хоёр талд Ардын хувьсгалын анхны долоогийн хурал хийж байгаа зураг, нөгөө талд Халхын голын дайны түүхэн ялалтыг харуулсан зураг, урд талд нь “Эрхэмлэж яваарай хэмээн машид итгэн эрх чөлөө, тусгаар тогтнолыг Та нарт үлдээв. Х.Чойбалсан” гэдэг өгүүлбэрийг товойлгон дүрслэх ажээ. 1939 оны Халхын голын байлдааны ялалтын парад хүлээн авч байсан түүхэн фото зургаар хөшөөний макетыг хийлгэсэн бөгөөд уг фото зурагт Маршал Будённы бэлэглэсэн тоомсог морьтой байсныг иргэдээс гаргасан саналын дагуу Монгол морьтой байхаар оруулсан байна. Чойбалсанд зориулсан хөшөө Дорнод аймагт хоёр байсан бол ийнхүү гурав дахь нь сүндэрлэлээ.

Уран барималч н.Гантөмөр сүүлийн жилүүдэд өөрийн нутагтаа уран бүтээлүүдээ босгохыг зорьж хэд хэдэн хөшөө бүтээгээд байгаа юм. Тухайлбал Хэрлэн голын эрэгт энэ жил боссон “Ээж ээ, сайн байна уу?”, Уран зураач П.Мэлс агсаны хөшөө, Эв нэгдлийн хөшөө зэргийг хийсэн хүн юм.

Түүх сөхвөөс БНМАУ-ын Бага хурлын тэргүүлэгчдийн 44 дүгээр хурлаас Баянтүмэн хотыг Маршал нэрээр нэрлэх нь ач холбогдолтой хэмээн үзэж, Ардын хувьсгалын 20 жилийн ойг тохиолдуулан 1941 оны 07 дугаар сарын 10-ны өдөр Баянтүмэн хотыг Чойбалсан хот хэмээн нэрийджээ. Маршалын хөшөөг анх 1946 онд Ардын хувьсгалын 25 жилийн ойгоор Монгол улсын их сургуулийн урд байрлуулж, дараа жил нь буюу 1947 онд Дорнод аймгийн хуучнаар аймгийн Ардын депутатуудын хурлын гүйцэтгэх захиргаа буюу одоогийн Музейн урд талбайд босгосон байдаг.

Б.Туяа

Related news