Япон, Энэтхэг “2+2” хэлбэрийн уулзалт хийнэ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
khulan@montsame.gov.mn
2021-04-10 13:04:51

ТОКИО. /NHK/. Япон, Энэтхэгийн Засгийн газар хоёр орны Гадаад хэрэг, Батлан хамгаалахын сайд нарын уулзалтыг Токио хотноо энэ сарын сүүлээр зохион байгуулахаар төлөвлөж байна.


Энэхүү уулзалтад Японы Гадаад хэргийн сайд Мотэги Тошимицү, Батлан хамгаалахын сайд Киши Нобүо, Энэтхэгийн Гадаад хэргийн сайд Субрахманьям Жайшанкар, Батлан хамгаалахын сайд Ражнатх Сингх нар оролцоно. 


Япон, Энэтхэг “2+2” хэлбэрийн уулзалтыг хоёр жилийн өмнө хийсэн бөгөөд хоёр дахь удаагаа зохион байгуулах гэж буй нь энэ юм.


Уулзалтын үеэр талууд батлан хамгаалахын салбарт илүү нягт хамтран ажиллах талаар хэлэлцэх төлөвтэй байна. Хоёр орон өнгөрсөн онд Өөрийгөө хамгаалах хүчин, Энэтхэгийн Зэвсэгт хүчнийг харилцан бие биеэ хүнс, шатахуунаар хангахыг зөвшөөрсөн гэрээг байгуулсан юм.


Мөн Японы Ерөнхий сайд Сүга Ёшихидэ Энэтхэг, Филиппинд дөрөвдүгээр сарын сүүлчээс айлчлахаар төлөвлөж байгаа юм. БНХАУ Номхон далайн бүсэд үйл ажиллагаагаа эрчимжүүлэх болсонтой холбоотойгоор Японы Засгийн газар Энэтхэгийг чөлөөт, нээлттэй бүсийг цогцлоох чиглэлд хамтран ажиллах холбоотны хувиар харах болжээ.


Японы Засгийн газар “2+2” хэлбэрийн уулзалт, Ерөнхий сайдын айлчлалаар дамжуулан хоёр орны нягт харилцааг илтгэн харуулна хэмээн найдаж байгаа ажээ. 

Related news