Нөөцийн өвсийг ирэх жил хэрэглэх боломжтой

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-03-11 20:24:46

Дархан-Уул /МОНЦАМЭ/. Жил бүр Монгол Улсын Засгийн газрын шийдвэрээр аймаг, орон нутагт цаг хүндэрсэн үед хэрэглэх өвс, тэжээлийн аюулгүйн нөөц бүрдүүлэх даалгавар өгдөг. Өнгөрсөн жил аймаг, сумын хэмжээнд 400 тн өвс, 130 тн тэжээл бэлтгэх даалгавар өгч 317 тн өвс, 100 орчим тн тэжээлийг бэлтгэн нөөцөлсөн байна.

Аймгийн тухайд өвөлжилт харьцангуй дулаан байгаа учир өвсний нөөцөө хөндөөгүй аж.

Харин сумдууд тодорхой хэмжээний үнэ тогтоон 100 тн өвсийг малчид, мал бүхий иргэдэд худалджээ. Өнөөдөр аймгийн Засаг даргын орлогч Б.Жавхлан нөөцөд байгаа өвсийг хэрхэн ашиглах талаар холбогдох албаны төлөөлөлтэй газар дээр нь уулзалт хийлээ.

Нөөцөд байгаа өвсний чанар сайн байгаа учраас зориулалтын газарт хадгалан ирэх жил ашиглах шийдвэрийг гаргалаа.

Мөн малчид, мал бүхий иргэд сумдынхаа ЗДТГ-т хандан Хонгор суманд байрлах улсын тэжээлийн нөөцийн агуулахаас малын тэжээл нэг килограммыг 460 төгрөг, шуудай нь 11500 төгрөгөөр худалдан авах боломжтой ажээ.

 

Related news