Байгууллагууд ажилтнуудынхаа 30 хүртэлх хувийг түргэвчилсэн шинжилгээнд хамруулж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
174@montsame.mn
2021-02-02 17:35:16

Дархан-Уул /МОНЦАМЭ/. "Ковид-19" цар тахлаас урьдчилан сэргийлэх, эрсдэлийг бууруулах зорилгоор өнгөрсөн 01 дүгээр сарын 29-ний өдрөөс энэ сарын 05-ны өдрийг хүртэлх хугацаанд Төрийн болон зарим томоохон хувийн хэвшлийн ААНБ-уудын үйл ажиллагаанд хязгаарлалт хийсэн. Шаардлагатай тохиолдолд байгууллагын нийт ажилтнуудын 30 хүртэлх хувь ажлын байрандаа ажиллахаар болсон.

Эрсдэлийг цаг ямагт тооцож, байгууллагууд ажилчдынхаа тодорхой хувийг шинжилгээнд хамруулахыг аймгийн Засаг даргын захирамж гарсан. Үүнд Дархан суманд үйл ажиллагаа явуулж байгаа томоохон зах худалдааны төвүүд, уул уурхай хүнд үйлдвэрүүд, түлш, эрчим хүч, усан хангамж, ариутгал татуургын байгууллагууд, банк, санхүү, шуудан харилцаа холбоо, нефть хийн түлш хангамжийн байгууллагууд, хувийн хэвшлийн эрүүл мэнд, эм хангамжийн байгууллагуудыг ажилтан, албан хаагчид хамрагдах аж.

Тэгвэл коронавирус илрүүлэх түргэвчилсэн оношлуураар Дархан Сэлэнгийн цахилгаан түгээх сүлжээ хувьцаат компани /ДСЦТСДархандаа ажиллаж байгаа нийт ажилчдынхаа 30 хүртэлх хувь буюу 97 хүнийг коронавирус илрүүлэх түргэвчилсэн шинжилгээнд хамруулах ажлыг зохион байгуулсан байна.  ДСЦТС ХК нийт 450 гаруй ажилтан, албан хаагчтай.

Өнгөрсөн оны 11-р сараас хойш ажлын байранд нийт ажилчдынхаа 50 хувийг ажиллуулах, ажлын шаардлагаар аваарын дуудлагаар ажиллах шуурхай бригадыг мөн гэрээр ажиллуулах зохицуулалтыг хийн ажиллаж байгаа аж. Түүнчлэн 12 хүртэлх насны хүүхэдтэй ажилчдыг мөн гэрээр нь ажиллуулах нөхцөл боломжийг олгожээ. Орох гарах урсгалыг тусад нь гаргасан, оффисын байрныхаа давхар бүрт гар ариутгагч, амны хаалт зэргийг байршуулж халдвар хамгааллын дэглэмийг дотооддоо чанд мөрдөн ажиллаж байгаа гэлээ.

Харин Дарханы Дулааны сүлжээ ТӨХК нийт 192 ажилтан албан хаагчтайгаас 30 хувь буюу 40 ажилтнаа Цээнэ эмнэлэгт түргэвчилсэн шинжилгээнд хамруулсан байна. Тус компани өндөржүүлсэн байдлын хүрээнд ажлын байрандаа сууж ажилладаг инженер, техникийн ажилтан, албан хаагчдаа өдөр өдрөөр ээлжлэн ажиллуулж байгаа бол техникийн албадын дулааны шугам хоолойн болон дулаан оруулгын слесариудыг гэрээр нь ажиллуулж байгаа ажээ.

Related news