Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн байгууллагын шагналыг гардуулав
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ДАРХАН-УУЛ
Дархан-Уул /МОНЦАМЭ/. Монголын Сэтгүүлчдийн Нэгдсэн Эвлэлээс
жил бүр зохион байгуулдаг “Ган үзэг” наадам энэ
сарын 16-нд болж МСНЭ-ийн түүхт 70 жилийн ойн өдөр шилдгүүдээ тодруулсан. Цар
тахлын улмаас нэгдсэн үйл ажиллагаа зохион байгуулах боломжгүй байсан тул орон
нутгийн шилдгүүдийн шагналыг салбар зөвлөлүүд гардуулсан юм.
МСНЭ-ийн “Ган үзэг-2020” оны
шилдгүүдийг тодруулах тэргүүн наадмын “Орон нутгийн шилдэг хэвлэл мэдээллийн
байгууллага”-аар Дархан-Уул аймгийн “Аа Жи Би” /RGB/ телевиз шалгарсан. Уг шагналыг өнөөдөр МСНЭ-ийн Дархан-Уул аймгийн салбар зөвлөлийн хамт олон гардууллаа.
Тус телевиз нь 1995 онд
байгуулагдсан Монголын анхны хувийн чөлөөт телевиз юм. 2020 оны тухайд үндсэн
чиглэлийн дагуу мэдээ, мэдээлэл, нэвтрүүлэг бэлтгэхээс гадна цар тахлын хүнд
үед иргэдийг цаг үеийн мэдээллээр хангах, аймгийн онцгой комиссоос авч
хэрэгжүүлж буй арга хэмжээг шууд хүргэн ажилласан. Түүнчлэн боловсон хүчин орон нутагт дутагдалтай байдаг
ч телевизийн салбарт ажиллах сонирхолтой залуучуудыг сургаж, дадлагажуулан
ажиллуулж байна.
Аль ч цаг үед хамтдаа байж нэгэн
зорилгын төлөө тууштай ажиллаж хөдөлмөрлөж байгаа салбарынхандаа тус телевизийн
захирал Б.Отгонбаяр талархал илэрхийлэхийн зэрэгцээ эв нэгдэл, бидний хичээл
зүтгэлийг үнэлсэн үнэлэмж гэдгийг тодотгосон юм.







