Төрийн өмчийн тухай хуулийг шинэчилнэ

МОНГОЛЫН МЭДЭЭ
ariunbold@montsame.gov.mn
2015-09-29 12:36:13

Засгийн газрын ээлжит хуралдаан өчигдөр буюу энэ сарын 28-нд болж, Төрийн өмчийн тухай хуулийн төслийг хэлэлцэн УИХ-д өргөн мэдүүлэхээр тогтжээ.

Энэ талаар өнөөдөр Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч, олон нийттэй харилцах асуудал эрхэлсэн зөвлөх Ц.Мөнхтөр мэдээлэл хийлээ.

Үндсэн хуульд Монгол бол төрийн нэгдсэн тогтолцоотой улс хэмээн заасан. Гэтэл улсын өмчийг төрийн болон орон нутгийн өмч гэж хоёр ангилдаг. Тиймээс одоогийн үйлчилж буй Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулийг өөрчилж, орон нутгийн өмч гэх ойлголтыг хасахаар хуулийн төсөлд тусгасан хэмээн Ерөнхий сайдын Хэвлэлийн төлөөлөгч мэдээлэлдээ дурьдав.

Тэрбээр, Энэхүү хуулийн төсөлд Монгол Улсын өмчийг Засгийн газар захиран зарцуулах эрхтэйгээр заасан бол орон нутаг зөвхөн эзэмших, ашиглах эрхтэй байхаар тусгажээ. Ингэснээр улсын өмч нэгдмэл болж, захиран зарцуулах, ашиглах эрх бүхий этгээд нь ойлгомжтой, хяналттай болно гэж Засгийн газар үзэж байгаа. Хуулийн төслийг тун удахгүй УИХ-д өргөн барина” гэлээ.

Ч.Ариунболд

Related news
Comments