"Лалын улс" өнгөрсөн онд 2.4 тэрбум долларын орлого олжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | СОНИН ХАЧИН
nyamtulga@montsame.mn
2016-06-03 13:39:11

НЬЮ-ЙОРК. /Zeenews/. “Лалын улс” бүлэглэл 2015 онд эзэлсэн газар нутгийнхаа зарим хэсгийг алдсан хэдий ч нефтийн бизнесээ өөрчилж, татварын орлогоо өсгөх замаар мөн онд 2.4 тэрбум долларын орлого олсноор дэлхий дээрх хамгийн баян террорист бүлэглэл хэвээр байна гэж нэгэн судалгаанд дурджээ.

Терроризмд дүн шинжилгээ хийх төвөөс “Лалын улс” бүлэглэлийн санхүүжилтийн байдлын талаар тайлан гаргажээ. Тайланд дурдсанаар, “Лалын улс” бүлэглэлийн нефтийн дэд бүтцэд агаараас цохилт өгсөөр байгаа боловч тус бүлэглэл хоёр тэрбум долларын хөрөнгөтэй байгаа бөгөөд хяналтдаа оруулсан газар нутагт нь оршин суугаа 8 сая орчим хүнээс татвар авах замаар алдагдлаа нөхөж байна.

Терроризмыг судалдаг шинжээч Жан-Шарль Бризар, Дамиан Мартинес нар хэлэхдээ “Лалын улс” бүлэглэлийн цэргийг богино хугацаанд бутцохих боломжгүй бөгөөд тус бүлэглэл эдийн засгийн хувьд дунд хугацаанд уналтад орно" гэж дүгнэжээ.

Тус бүлэглэл 2015 онд 2.4 тэрбум долларын орлого олсон нь өмнөх оны орлогоос 500 сая доллароор бага байна. Гэсэн хэдий ч тус бүлэглэл дэлхий дээрх хамгийн баян террорист байгууллага хэвээр байна.

Д.Нямтулга

 

 

Related news