Чех улсаас монгол иргэдийг ирэх сарын 10-нд авчирна
МОНГОЛЫН МЭДЭЭ | ГХЯ-НЫ МЭДЭЭ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Гадаад харилцааны сайд Н.Энхтайван өнөөдөр Бүгд Найрамдах Чех Улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Ийржи Бродскийг хүлээн авч уулзав.
Элчин сайд И.Бродский Чех Улсын Гадаад хэргийн сайд Т.Петржичекээс илгээсэн баярын захидлыг Н.Энхтайван сайдад гардуулан өгөв. Чехэд байгаа монгол иргэдийг Чех Улсын Засгийн газар болон Олон улсын шилжилт хөдөлгөөний байгууллага хамтран наймдугаар сарын 10-нд тусгай нислэгээр эх оронд нь авчирч байгаад Гадаад харилцааны сайд Н.Энхтайван талархал илэрхийлээд, иргэдийн эрх ашгийг хамгаалах чиглэлээр үргэлжүүлэн ажиллах талаар ярилцав. Талууд хоёр улсын худалдаа, эдийн засгийн харилцааг эрчимжүүлэх, экспортод чиглэсэн жижиг, дунд үйлдвэр байгуулах болон дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ойн хүрээнд хэрэгжүүлэх айлчлал, арга хэмжээний талаар санал солилцов.
Түүнчлэн хөдөө аж ахуйн чиглэлээр хэрэгжүүлж буй хамтарсан төсөл болон мөсний хоккейн спортын битүү дээвэртэй ордон барих төслийн талаар ярилцлаа.