Эртний Хархорум үйлдвэрлэл хөгжсөн хот байжээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Эртний Хархорум хотод олон төрлийн үйлдвэрлэл хөгжсөн хот байсныг гэрчлэх 118 дэсийн үзмэр Монголын Үндэсний Музейн сан хөмрөгт хадгалагдаж байна.
2020 онд Хархорум хотын 800 жилийн ой тохиож байгаатай холбогдуулан Үндэсний музейн үзүүлгийн танхимд байх 1948-1949 онд Орос-Монголын хамтарсан шинжилгээний ангийн В.С.Киселев, Х.Пэрлээ нарын малтлагаар олдсон эд өлгийн зүйлсээс онц сонирхолтойг нь онцлов.
-Зургаан чихтэй, голдоо хөндий нүхтэй, ширмэн төмрөөр цутган хийсэн гэр тэрэгний 4 цөн дээрх малтлагын үеэр олдсон. Цөн гэдэг нь элэгдлээс хамгаалж, тэрэгний бул, тэнхлэгт шигтгэн суутгасан бэхэлгээний бул төмөр юм. Үүнийг Монгол Улсын Засгийн газрын 1995 оны 241 дүгээр тогтоолоор “Хосгүй үнэт” дурсгалт зүйлээр баталсан. Тус цөн нь 13-14 зууны үед холбогдох бөгөөд Хархорум хотод төмөрлөг боловсруулах дарханы урлал өндөр хөгжиж байсныг гэрчлэх биет үзмэр хэмээн үздэг.
-Доороо зууван дугуй суурьтай зургаан тал бүхий, цүлхэгэр бөөртэй, хоёр бөөрөндөө хятад үсэгтэй, том жижиг хэмжээтэй 6 ширхэг хүрэл туухай. Энэ нь Их Монгол Улсын үе буюу 1206-1271 оныг хамрах бөгөөд одоогийн хэллэгээр жин хэмжүүр аж. жин: том-1008гр, жижиг-390гр
-Гурван хөлтэй, өөрөөсөө хоёр сэнжтэй, цүлхэгэр бөөртэй хүрэл тогоо. Энэ тогооны голд гал түлэн хоол хийдэг байсан хэмээн Монголын Үндэсний музейн архелогичид хэлж байв. Үүнийг аян дайн хийх үедээ авч явдаг байжээ. Өндөр: 28см жин: 6730гр тойрог: 26см
Тус малтлагын үеэр ваар шаазан шатаадаг байсан зуух олон олджээ. Ваар шаазанг хийхдээ эхлээд шаазангийн зөөлөн биеийг 600-700 хэмд шатааж хатууруулаад, зурж чимэглэн дахин шатаадаг байна. Үүнээс үзэхэд Хархорум хотод ваар шаазангийн урлал өндөр хөгжсний илэрхийлэл хэмээн архелогичид онцлов.
-Эдэлгээний элэгдэлтэй шаазан тавагны хагархай олон олдсон. Эдгээрийг эвлүүлэн наахад дотор талд цэцэг навчин хээ бүхий цэнхэр паалан, хүрээ нь босоо хээ бүхий оруулгатай. Өндөр: 2см, жин: 190гр, диаметр: 13см
-Шавар ваар цүдгэр бөөртэй, хөндлөн хос зураасан хээтэй, ховил бүхий жижиг амсартай, доогуураа долгион товгор цомбогор ёроолтой. Өндөр: 32см, тойрог: 9*11см
-Дээрээ хээ угалзтай, хагас нумарсан хэлбэртэй, ногоон паалантай дээврийн ваарны том жижиг хагархай нилээд олдсон. Урт: 5см, өргөн: 3см, жин: 20гр
-Хагархай “шавар хэв”. Үүнийг тус музейн архелогичид тухайн үед буддын шашин дэлгэрч байсны илэрхийлэл. Энэхүү хэвийг ашиглан бурхан бүтээдэг байсан байх гэв. өргөн: 185см өндөр: 19см жин: 710гр
Б.Мандуул